Япон: Эмээ нарын компани хүнс үйлдвэрлэж, сонин гаргасан нь амжилт олов
Анд нөхдийн мэдээ
2024-06-05
Японы Фүкүока мужийн Укихаши тосгонд нэгэн шинэ гарааны компани байгуулагдсан нь олны талархлыг хүлээж байна. Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг "Ukiha no Takara” компани нь 20 ажилтантай бөгөөд тэдний ихэнх нь 75-аас дээш насныхан байдаг аж. Нийт ажилчдын нас 20-93 насны хооронд хэлбэлзэнэ. Энд ажилладаг өндөр настан эмэгтэйчүүд өглөө бүр 9 цагт ажилдаа ирж амтат төмс хатаах, хөнгөн зууш, хачир бэлдэх зэргээр “Эмээгийн гарын хоол” гэсэн нэртэй хүнсний бүтээгдэхүүн бэлтгэдэг бөгөөд борлуулалт маш сайн байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тэд орон нутгийн тариаланчидтай хамтран зөгийн балаар амталсан амтат төмс гаргасан нь дөрөвхөн сарын дотор 5 сая иенийн борлуулалт хийж, саяхан болсон орон нутгийн хүнсний уралдаанаас Фүкүока мужийн захирагчийн нэрэмжит шагналыг хүртжээ. Тус компани хүнсний үйлдвэрлэлээс гадна 12 нүүртэй сонин гаргаж хоолны жор, эмээ нарын дунд түгээмэл хэрэглэгддэг сүүлийн үеийн загвар, үсний засалт, хувцаслалтын талаар нийтэлдэг бөгөөд сурвалжлага, мэдээ, нийтлэл зэргийг эмээ нар өөрсдөө бичиж нийтлүүлдэг байна. “Бажжан” нэртэй уг сонины “Амьдралын зөвлөгөө” булан ахмад уншигчдын хамгийн дуртай булан болж, сонины борлуулалт 12 мянган хувьд хүрсэн байна. Улмаар улс орны өнцөг булан бүрээс ирсэн ахмад сурвалжлагчдын нийтлэл, мэдээ, сонирхолтой ярилцлага уншигчдын сонирхлыг ихээр татсан тул сониныхоо салбарыг Токио, Осака зэрэг 15 байршилд байгуулжээ. Сонины жилийн захиалгын төлбөр нь тээвэрлэлтийн хөлсийг оруулаад 5640 иен бөгөөд мэдээ, нийтлэл оруулсан хүн бүр 2000-5000 иений бичлэгийн шагнал авдаг байна. Саяхан Стэнфордын их сургуулийн хөгшрөлтийн судалгааны баг Укихашид очиж эмээ нартай уулзаж ярилцан, судалгаа авчээ. Компанийг үүсгэн байгуулагч Үкихано Такара “Бид хөгшрөлтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд настайчуудын давуу талыг ашиглах ёстой. Ахмад настнуудын боломжийг ашиглаж тэдэнд амьдралын баяр баясгалан хүртээснээр илүү сайхан ертөнцийг бүтээж болно” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.