Их Британи: Галууны элэг импортлохыг хориглоно
Анд нөхдийн мэдээ
2024-06-05
Их Британийн Хөдөлмөрийн нам ирэх сард болох бүх нийтийн сонгуульд ялалт байгуулбал Францын тансаг хоол болох foie gras хоолны гол түүхий эд болох галууны элгийг импортлохыг хориглоно гэж амлалаа. "The Times" сонины мэдээлснээр, Хөдөлмөрийн намын сүүдрийн Засгийн газрын Байгаль орчны сайд Стив Рид тус сонинд өгсөн ярилцлагадаа "Бид засгийн эрхэнд гарвал амьтдад харгис хэрцгий ханддаг байдлыг зогсоож галууны элэгний импортыг зогсооно" гэжээ. Тус улсад энэ хоолны үйлдвэрлэлийг аль хэдийн хориглосон тул импортыг мөн хоригловол уг хоол хууль бус болно гэсэн үг юм. Их Британи улс жил бүр Европын бусад орнуудаас ойролцоогоор 200 тонн галууны элэг импортолдог ажээ. “Foie gras” нь галуу болон нугасны элгээр хийдэг хоол бөгөөд илүү тарган элэг хэрэглэхийн тулд галууг хүчээр хооллодог. Энэ нь амьтанд хэрцгий хандаж буй явдал гэсэн шүүмжлэл дагуулдаг байна. Их Британиас гадна ХБНГУ, Итали, Норвеги, Польш, Израиль зэрэг улсад мал амьтныг хүчээр тэжээхийг хуулиар хориглодог ажээ. АНУ-ын Нью-Йорк хотод 2019 оноос хойш foie gras хоол худалдаалахыг хориглосон байна. Их Британийн хааны гэр бүл 2022 онд хааны ордон дотор foie gras хоолоор үйлчлэхгүй байх журам гаргажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.