images

Мадонна буруудахаа шахав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-22


   Дуучин Мадонна Мексикт аялан тоглолт хийх үеэрээ музейд буй алдарт зураач Фрида Калогийн (1907-1954) хувцас, хэрэглэлийг өмссөн гэсэн шүүмжлэлд өртөөд байна. Харин музей үүнийг няцааж “Манай юм биш. Бид хувь хүмүүст музейн үзмэр түрээслүүлдэггүй” гэсэн хариу өгчээ. Улмаар "Бид Фридагийн дурсгалт зүйлсийг хадгалж, хамгаалах хатуу журамтай. Алдарт зураачийн өвийг ирээдүй хойч үед тэр хэвээр нь өвлүүлэн үлдээхийн тулд бусдад түрээсэлж хэрэглүүлэх гэх мэт үйлдлийг хатуу хориглодог" гэжээ. Мөн Мадоннаг уг музейд огт ирээгүй гэдгийг онцолсон байна. Дээрх шүүмжлэл гарах болсон шалтгаан нь олон нийтийн сүлжээнд дуучны бичсэн постноос болжээ. Тэрбээр өнгөрсөн сард Мексикт тоглолт хийх үеэрээ Инстаграм хуудсандаа "Би мөнхийн муза Фрида Калогийн төрсөн нутаг Мехико хотод ирлээ" гэсэн тайлбартай хэд хэдэн зураг нийтлэхдээ "Энэ гайхамшигт бүсгүйн хувцас хэрэглэлийг өмсөж үзэж, өдрийн тэмдэглэл болон захидлыг нь уншиж, хэзээ ч харж байгаагүй гэрэл зургуудыг нь үзсэн минь үгээр өгүүлшгүй сайхан байлаа" гэсэн юм. Тэгвэл түүний нийтэлсэн зургууд Ф.Калогийн ач охины гэрт зочлох үеэр авахуулсан зураг байсан ажээ. “Daily Reforma” сонин “Мадонна урилга хүлээн авч, Фридагийн ач охины гэрт зочилсон” хэмээн мэдээлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.