Солонгос: Гал түймэртэй тэмцэх газарт гэнэтийн бэлэг иржээ
Анд нөхдийн мэдээ
2023-08-22
Солонгосын Жэжү арлын Согүйпо хотын нэгэн усан санд энэ сарын 15-ны өдөр усанд сэлж тоглож байсан таван настай хүү гэнэт ухаан алджээ. Энэ үед амралтын өдрөөрөө гэр бүлийнхэнтэйгээ тус төвд амарч явсан гал сөнөөгч Ким Тэ Хён, И Сын Жүн нар ухаан алдсан хүүд анхны тусламж үзүүлснээр хүү ухаан орж даруй эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ явдлаас хойш гурав хоногийн дараа Жэжү хотын баруун дүүргийн “Халлим 119” гал түймэртэй тэмцэх газарт 45 багц тахианы махан хоол иржээ. Хаанаас, хэн илгээсэн нь үл мэдэгдэх энэхүү бэлгийн эзнийг сурвалжилж үзэхэд хэдхэн хоногийн өмнө усан санд тоглож байгаад ухаан алдсан мөнөөх хүүгийн ар гэрийнхэн гал сөнөөгч нарт талархсан сэтгэлээ илэрхийлж ийм бэлэг явуулсан байв. Улмаар тус Гал түймэртэй тэмцэх газрын зүгээс хүүгийн ар гэрийнхэнтэй холбогдон хариу талархал илэрхийлээд энэхүү бэлгийг эмзэг бүлгийн хүмүүст хүргэхийг санал болгосны дагуу тэрхүү 45 багц хоолоо тус дүүргийн Хүүхэд асрах төв зэрэг нийгмийн халамжийн зургаан байгууллагад өгсөн байна. Хүүгийн аав ээж энэ тухайд “Гал сөнөөгч нарын анхны тусламжийн ачаар хүү маань амьд гарч одоо эв эрүүл болсон. Бид тэдэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэх үүднээс ийм бэлэг явуулсан юм” гэжээ. Жэжү хотын Гал түймэр, аюулгүй байдлын штабын дарга Ким Сүн Хван хэлэхдээ, "Онцгой байдлын үед хүний амь насыг аварч хамгаалах нь гал сөнөөгч бидний эрхэм үүрэг. Хүний амь нас аварснаараа бид маш их аз жаргалтай болдог” гээд цаашид ч энэхүү ариун үүргийнхээ төлөө нэр төртэй ажиллах болно гэдгээ илэрхийлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.