Дэлхийн аварга болсныхоо дараа аавынхаа нас барсныг мэджээ
Анд нөхдийн мэдээ
2023-08-21
Австрали, Шинэ Зеландад бүтэн сарын турш болж өчигдөр өндөрлөсөн Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Испанийн баг аваргалсан билээ. Тэгвэл Испанийн шигшээ багийн ахлагч Ольга Кармона дэлхийн аварга цол хүртээд удаагүй байхдаа аавынхаа нас барсан харамсалтай мэдээг дуулжээ. Түүний аав тэмцээний шигшээ тоглолт болохоос хоёр өдрийн өмнө буюу баасан гарагт нас барсан бөгөөд ар гэрийнхэн нь багийн удирдлагатай ярилцсанаар уг мэдээг тухайн үед нь дуулгаагүй байна. Уг мэдээг сонссоныхоо дараа О.Кармона X хуудсандаа “Таныгаа тэнгэрт одсоныг хэдийгээр мэдээгүй боловч энэ тоглолтын үеэр та минь цаг ямагт охиныхоо дэргэд байж, охиноороо бахархаж байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Хайрт аав минь тайван нойрсоорой” хэмээн бичжээ. Испанийн хөлбөмбөгийн холбоо, О.Кармонагийн тоглодог “Real Madrid” баг түүний аавын нас барсанд гашуудаж байгаагаа илэрхийлж эмгэнэлийн бичиг гаргасан байна. Сиднэй хотын “Stadium Australia” цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр болсон шигшээ тоглолтод Испанийн баг Английн багийг 1:0 харьцаатайгаар хожсон бөгөөд хожлын гоолыг О.Кармона оруулсан юм. Тэрбээр өдгөө 23 настай, зургаан настайгаасаа хойш хөлбөмбөг тогложээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.