Испанийн гүнж цэргийн сургуульд оржээ
Анд нөхдийн мэдээ
2023-08-21
Испанийн гүнж 17 настай Леонор цэргийн сургуульд элсэн орж, гурван жил алба хаахаар болжээ. Леонор гүнж бол Испанийн VI Филипп хааны хоёр охины том нь бөгөөд хаан ширээ залгамжлах өндөр магадлалтай юм. Өнгөрсөн 17-ны өдөр тэрбээр VI Филипп хаан, хатан Летиция, эгч София гүнж нарын хамт Сарагоса дахь Цэргийн академид хүрэлцэн ирж, гурван жилийн цэргийн албандаа элсэн орсон байна. Тэрбээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө "Хүсэл мөрөөдлөө биелүүлж цэргийн алба хаана” гээд гэхдээ бага зэрэг сандарч, түгшиж буйгаа хэлсэн байна. Тус улсын Батлан хамгаалахын сайд Маргарита Роблес Леонор гүнжийг цэргийн алба хаах болсон тухай мэдэгдэхдээ "Тохиромжтой цагт эмэгтэй хүн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болох цаг ирнэ” гэжээ. Үндсэн хуульт хаант засаглалтай Испани улсад хаан нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болдог бөгөөд үүний дагуу хаан сууринд суух магадлалтай хааны гэр бүлийн гишүүд заавал цэргийн албанд татагддаг ажээ. Леонор гүнж саяхан Английн "UWC Атлантик" коллежийг төгсгөсөн юм. Тэрбээр одоо Цэргийн академид нэг жил суралцаад дараа нь Тэнгисийн цэргийн болон Агаарын цэргийн хүчний сургалтад хамрагдана. Өөрөө мөн цэргийн алба хаасан Филипп VI хаан охиныхоо тухайд "Одоо түүний ээлж. Бид охиныхоо сонголтыг дэмжиж байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.