Монгол дахь Энх тайвны корпусын шинэ ээлжийн ажилтнууд тангараг өргөв
Анд нөхдийн мэдээ
2023-08-18
АНУ-ын Энх тайвны корпусын шинэ ээлжийн сайн дурын ажилтнууд өчигдөр Улаанбаатар хотод тангараг өргөлөө. Монгол дахь Энх тайвны корпус цар тахлын улмаас 2020 онд ажилтнуудаа нутаг буцаасан бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард үйл ажиллагаагаа сэргээж сайн дурын ажилтнуудын 31 дахь багийн гишүүд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын ерөнхий боловсролын сургуулиудад англи хэл зааж эхэлсэн юм. Энэ удаагийн буюу 32 дахь ээлжийн 14 сайн дурын ажилтан англи хэлний боловсрол, орон нутгийн хөгжлийн чиглэлээр Монголд хоёр жил ажиллах юм.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Энх тайвны корпусын 1500 шахам сайн дурын ажилтан манай улсын өнцөг булан бүрд хүрч ажиллаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа иргэд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх, Монголын соёл, ахуйг өөрийн эх орондоо сурталчлан таниулах болон монголчуудын нийгмийн хөгжил, англи хэлний боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ. Энэ хугацаанд тэд гол төлөв хүүхэд, залуучуудын хөгжил, эрүүл мэндийн боловсрол, эдийн засгийн хөгжил, байгаль орчны хамгаалал, англи хэлний боловсрол зэрэг чиглэлээр ажилласан юм. 1961 онд байгуулагдсан Энх тайвны корпус 60 жилийн хугацаанд дэлхийн 144 оронд 240 мянган сайн дурын ажилтнаа илгээн ажиллуулсан түүхтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.