Албани улс аялал жуулчлалын орон болж байна
Анд нөхдийн мэдээ
2023-08-17
Европын буурай орнуудын нэг болох Албани улс гэмт хэрэг хамгийн их гардаг орон гэсэн өрөөсгөл үзлээс салж амралт, аялал жуулчлалын орон болж байна. Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони зуны амралтаараа Албани улсыг сонгосон нь олны анхаарлыг ихэд татжээ. “Financial Times” сонины мэдээлснээр, ерөнхий сайд Ж.Мелони 14-ний өдөр Италийн жирийн зорчигч тээврийн усан онгоцоор Албани улсын баруун өмнөд хэсэгт орших далайн эргийн Бло хотод хүрэлцэн ирж хоёр өдөр амарсан байна. Итали улсад амралтын газрууд хэтэрхий өндөр байна гэсэн гомдол байнга гардаг. Үүний улмаас италичууд амралтаараа Албанийг олноор зорьж байгаа тухай мэдээлжээ. Германы Холбооны статистикийн алба саяхан Албани бол Европ дахь хамгийн хямд амралтын газар бөгөөд ресторан, зочид буудлын үнэ Германыхаас 56% хямд гэсэн судалгаа гаргажээ. Энэ жил Италийн 500 мянга орчим жуулчин Албани улсад очсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 57 хувиар өссөн тухай “Financial Times” мэдээлсэн байна. Тус улсын ерөнхий сайд Эди Рама саяхан Италийн телевизэд өгсөн ярилцлагадаа аялал жуулчлал ихээр нэмэгдэж байгааг дурдаад Албани бол гэмт хэрэг их гардаг орон гэсэн өрөөсгөл үзлээс бүрэн салсан гэж мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.