images

Дэлхийн хамгийн өндөр настай эмч урт наслах нууцын талаар зөвлөжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-11


   Дэлхийн хамгийн өндөр настай, эмч мэргэжилтэй Ховард Такер 1922 онд төрсөн бөгөөд энэ жил 101 нас хүрч байна. Тэрбээр Охайо мужийн Кливлэнд хотод мэдрэлийн эмчээр 70 гаруй жил ажилласан байна. 2021 оны хоёрдугаар сард Гиннесийн амжилтын номонд хамгийн өндөр настай эмчээр бүртгэгдсэн тэрбээр тархиа сэргэг байлгах нууцын талаар танилцуулжээ. CNBC телевизийн ярилцлагад саяхан орохдоо тэрбээр "Хүмүүс надаас тархиа сэргэг байлгах нууцыг байнга асуудаг. Үүнд ген сайтай байх, бас аз жаргалтай байх нь гол боловч хүн нас ахих тусам тархинд байгалийн өөрчлөлт явагддаг бөгөөд тархины зарим хэсэг жижгэрч, мэдрэлийн эсүүд хоорондын холбоо жигд бус болж, цусны эргэлт мууддаг” гэжээ. Улмаар тархиа сэргэг байлгахын тулд өдөр бүр гурван зүйл хийх шаардлагатайг хэлсэн байна.

Нэгдүгээрт, ажилдаа яв.

Тэтгэвэрт гарснаар хүний танин мэдэхүй эрс буурдаг болохыг судалгаагаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарсны дараа танин мэдэхүйн үйл ажиллагаа хурдан мууддаг гэсэн үг. “Тиймээс би одоо болтол тэтгэвэртээ гаралгүй ажилласаар байна" гэж Такер хэлжээ. Улмаар "Сайн дурын ажил хийх, хообийгоо хөгжүүлэх эсвэл шинэ ур чадвар эзэмших нь оюун санааны маш сайн дасгал юм" гэсэн байна. Тэрбээр өөрөө 60 гаруй насандаа эмчээр бүтэн цагаар ажиллаж байхдаа хуулийн сургуулийн оройн ангид сурч, 67 настайдаа Охайо мужийн хуульчийн шалгалтанд тэнцсэн тухайгаа хэлжээ.

Хоёрдугаарт, хамт олонтой бай

Такер "Эелдэг сайхан харилцаа нь ой санамж, танин мэдэхүйн үйл ажиллагааг хадгалахад тусалдаг" гээд "Харамсалтай нь миний сайн найзууд, гэр бүл, хамтран ажиллагсад маань надаас түрүүлж хорвоог орхисон ч аз болоход би залуу хамт олонтойгоо сайхан харилцаатай хэвээр байна" гэжээ. Залуустай нөхөрлөх, хамт хооллох, чөлөөтэй ярилцах нь хүний уураг тархийг залуужуулдаг тустай тухай тэрбээр дурдсан байна.

Гуравдугаарт, сонирхолтой ном унш

"Би мэргэжлийн ном уншихаас гадна адал явдалт роман унших дуртай" гэж тэрбээр хэлсэн байна. Улмаар сайн ном, зохиолд шимтэх үед хүний тархи маш олон шинэ мэдээллийг боловсруулах шаардлагатай болдог тухай дурдаад "Энэ бол оюун ухааныг сэргэг байлгах түлхүүр” гэжээ. Улмаар тэрбээр TikTok, Instagram, Facebook зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олон нийттэй идэвхтэй харилцдаг аж. Түүний урт наслалтын нууцын талаар баримтат кино бүтээгдэж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.