ХБНГУ: Хүүхэд цэцэрлэгт авахаас татгалзвал шүүхэд нэхэмжлэл гаргаж болно
Анд нөхдийн мэдээ
2023-08-11
ХБНГУ-д оршин суугаа 1-3 насны хүүхэд аль улсын иргэн байхаас үл хамааран хууль ёсны дагуу цэцэрлэгт хамрагдах эрхтэй байдаг. 2013 оны наймдугаар сард тус улсын Засгийн газар эмэгтэйчүүдийн ажлын байрыг хадгалж, ажилдаа хурдан эргэж орох боломжийг олгохын тулд Нийгмийн даатгалын тухай хуулийн наймдугаар бүлгийн 24 дүгээр зүйлд 1-3 насны хүүхдүүд өдөр өнжүүлэх төв болон цэцэрлэгт бүрэн хамрагдах эрхтэй байхаар заасан байна. Тус хуульд зааснаар хүүхдийн цэцэрлэг нь гэрээсээ 25 минутын зайд байх ёстой бөгөөд хүүхэд долоо хоногт 20-иос доошгүй цаг цэцэрлэгийн асрамжинд байх ёстой талаар тусгасан байна. Хүүхдийн цэцэрлэгт хандаад татгалзсан хариу авсан тохиолдолд эрх бүхий захиргааны шүүхэд гомдол гаргах эрхтэй ажээ. Үүнд хүүхдээ цэцэрлэгт хамруулаагүйн улмаас ажилдаа орж чадаагүйгээс үүдсэн цалин, орлогын хохирлыг нэхэмжлэх эрхтэй байхаар заасан байна. Мөн улсын цэцэрлэгт хүүхдээ хамруулж чадаагүйгээс төлбөртэй хувийн цэцэрлэгт өгсөн тохиолдолд төрөөс нөхөн олговор олгох ажээ. Тус улсад хүүхэд бүр өдөр өнжүүлэх төв, цэцэрлэгт бүрэн хамрагдах эрхтэй болсны 10 жилийн ой энэ жил тохиож байна. Тус улсын холбогдох албан байгууллагын уг хууль гарахаас өмнө буюу 2013 оны зургаадугаар сард цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдийн тоо 596,300 байсан бол өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-ний байдлаар 838,700 болж эрс нэмэгдсэн байна. Мөн тус улсад төрөлт ч эрс нэмэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.