Багш мэргэжилтэй эмээ орон гэрээ шувууны эмнэлэг болгожээ
Анд нөхдийн мэдээ
2023-08-11
Мексикийн нийслэл Мехико хотын Поланко дүүрэгт амьдардаг 73 настай Катиа Латуфф байраа эрээн далт анир шувууны эмнэлэг болгон 10 гаруй жил шувуудыг асарч тэжээж байгаа тухай “Associated Press” мэдээлэв. Тэрбээр өвдсөн, гэмтэж бэртсэн шувуудыг гэртээ эмчилж тэжээдэг бөгөөд одоогийн байдлаар түүний гэрт 60 орчим анир шувуу байгаа ажээ. Хатагтай К.Латуфф 2011 онд шулуун гэдэсний хорт хавдар тусан эмчлүүлж бүрэн эдгэрсэн бөгөөд өвчнөөсөө салснаас хойш шувууд асарч эхэлсэн байна. Түүний асарч тэжээсэн анхны шувуу бол нэг нүд нь сохорсон бяцхан анир шувуу байв. Тухайн үед малын эмч найз нь шувууг түүнд даатгасан бөгөөд тэрбээр анхны шувуугаа өөрийн нүдний шилний хайрцган дээрх брэндийн нэрээр "Gucci" гэж нэрлэжээ. Улмаар бяцхан шувуутайгаа хамт есөн сар амьдарч. Тэр гэрийн ажлаа хийж байхад бяцхан найз нь компьютерийн дэлгэцэн дээр суугаад түүнтэй харилцдаг байжээ. "Шувуухай минь надад шинэ амьдрал бэлэглэсэн" гэж тэрбээр хэлэхдээ, нөхөр нь 2009 онд хорт хавдраар нас барсны дараа шувууд түүнийг нөмөрсөн уйтгар гуниг, ганцаардлаас нь аварсан тухай өгүүлсэн байна. К.Латуфф уул нь Францын уран зохиолын чиглэлээр мэргэшсэн багш мэргэжилтэй байсан ч анх олж асарч тэжээсэн бяцхан шувуу нь түүнийг бараг шувууны мэргэжилтэн болгосон аж. Мексикийн Үндэсний их сургуулийн Шувуу судлалын хүрээлэн хүртэл түүнээс хааяа зөвлөгөө авдаг гэнэ. Одоо тэрбээр найз нөхөд, ах дүү нарынхаа авчирж өгсөн шувуудыг өсгөн үржүүлж, асран халамжилж байна. Энэ оны тавдугаар сараас тус улсад анир шувуу тэжээх сонирхолтой хүмүүсийн тоо огцом нэмэгдэж, уг шувууны тухай мэдээлэл бүхий түүний TikTok бичлэгийг 1.5 сая хүн үзсэн байна. "Анир шувуу ердөө 4-6 грамм жинтэй, биеийн урт нь 10-12 см хэмжээтэй" хэмээн тэрбээр онцолжээ. Түүний “эмнэлэг"-т ирсэн шувуудын ихэнх нь эдгэрч эрүүл саруул болоод эх байгальдаа буцаж оддог ажээ. Тэрбээр "Бурхан хүнд амьдралыг өгч, бас өгсөн шигээ буцаан авдаг тул бүх зүйл мөнх бус. Гэсэн ч би чадах чинээгээрээ шувуудыг аварч, асарч тордох болно" гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.