Барууны хоригт орсон Оросын олигархуудын эзэмшилд байдаг урлагийн бүтээлүүдийн жагсаалт гаргажээ
Анд нөхдийн мэдээ
2023-08-09
Украины засгийн газар барууны хоригт орсон Оросын олигархуудын эзэмшилд байдаг урлагийн бүтээлүүдийн жагсаалтыг гаргасан тухай "Guardian" сонин мэдээлэв. Тус улсын Авлигатай тэмцэх газар (NACP) оросын олигархуудын эзэмшиж буй 300 гаруй урлагийн бүтээлийн мэдээллийн санг бүрдүүлж, жагсаалтыг "Дайн ба хориг арга хэмжээ" портал сайтаар дамжуулан нийтэлсэн байна. Энэхүү жагсаалтад хамгийн том олигархи гэгддэг Английн Премьер лигийн "Челси"-гийн эзэн асан Роман Абрамович нэрлэгджээ. Тэрбээр зураач Фрэнсис Бэконы бүтээл, уран барималч Альберто Жакометтигийн "Венец бүсгүй I" зэрэг хэд хэдэн бүтээлийг худалдаж авсан бөгөөд тэдгээр урлагийн бүтээлүүдийн худалдаж авсан үнэ нь 163.9 сая доллар гэж үнэлэгдсэн байна. Мөн Леонардо да Винчийн 1500 оны орчим зурсан "Салватор Мунди"-г Оросын тэрбумтан Дмитрий Риволоврев худалдаж аваад дараа нь зарсан байна. Түүнээс хэн худалдаж авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд баттай бус мэдээллээр Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бэн Салман нь авсан байх магадлалтай гэнэ. Түүнчлэн ерөнхийлөгч В.Путины туслах, Оросын үндэстэн дамнасан “Альфа” группийг үүсгэн байгуулагч олигархи Михаил Фридман 2013 онд Энди Уорхолын "Мэрилин Монро" зургийг худалдан авчээ. Түүнчлэн Оросын тэрбумтан Вячеслав Кантор, загвар өмсөгч Дарья Жукова, реппер Тимати зэрэг хүмүүс жагсаалтад багтсан байна. Уг жагсаалтад орсон бүтээлүүдийн үнэ 1,3 тэрбум доллар хүрчээ. Хориг арга хэмжээнд орсон хэдий ч оросууд урлагийн бүтээлээр дамжуулан мөнгө нуух, угаах ажиллагаа явуулсаар байгааг NACP-ын албаны хүн онцлон хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.