images

Алс Дорнодын бар, ирвэсийг хамгаалах дархан цаазат газар байгуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-09


   Алс Дорнодод нэн ховордсон Амурын бар болон Алс Дорнодын ирвэсийг хамгаалах зорилгоор Орос, Хятад хоёр улс "Хил дамнасан дархан цаазат газар" байгуулахаар төлөвлөж байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр "Том муурны орон" гэж нэрлэгдсэн тусгай хамгаалалттай газар нутаг нь Орос-Хятадын хилийн бүс болох Алс Дорнодын “Ирвэсийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн”, “Кедровая падь” тусгай хамгаалалттай газар, Зүүн хойд Хятадын “Бар, ирвэсийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн” зэрэг 18 мянган хавтгай дөрвөлжин километр талбайг хамардаг аж. Түүнчлэн ОХУ-ын Засгийн газар Хятад улстай зэрлэг амьтдыг хянах нэгдсэн систем байгуулж, шинжлэх ухааны мэдээлэл солилцож, хулгайн ан, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд хамтран хариу арга хэмжээ авч, экологийн боловсрол, эко аялал жуулчлалыг хөгжүүлэхээр тохирсон байна. ОХУ-ын Засгийн газар саяхан эдгээр агуулга бүхий хэлэлцээрийн төслийг баталсан бөгөөд тус улсын Байгалийн нөөцийн яам Хятадын талтай тохиролцож гэрээнд гарын үсэг зурахаар болжээ. Энэ тухайд Приморийн хязгаар дахь Ирвэсийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс "Дэлхийд анх удаа Хятад, Оросын хилийн бүсэд Амурын бар болон Алс Дорнодын ирвэсийг хамгаалах хил дамнасан дархан цаазат газар байгуулна" гэж мэдэгджээ. Амурын бар нь 20 дугаар зууны дунд үеэс эхлэн хулгайн агнуурын улмаас олон улсад нэн ховордсон амьтдын тоонд бүртгэгдсэн байна. Зүүн хойд Хятадын “Бар, ирвэсийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 60 ирвэс, 40 бар байдаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.