images

Германд барилгын талбайгаас дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг олдож даруй аюулгүй болгов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-09


   Баруун Германы Дюссельдорф хотоос Дэлхийн II дайны үед ашиглаж байсан америк бөмбөг олдож уг талбайн ойролцоох 13 мянга орчим оршин суугчдийг хоргодох байр луу нүүлгэн шилжүүлжээ. AFP болон Германы орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр тус улсын гал түймрийн албаныхан тэр шөнө Дюссельдорфын амьтны хүрээлэнгийн ойролцоох барилгын талбайгаас тэсрэх бөмбөг олдсон тухай мэдээлэл авсан байна. Энэ бол дэлхийн II дайны үед дэлбэрээгүй үлдсэн 450 кг жинтэй бөмбөг байсан бөгөөд холбогдох албаныхан түүнийг аюулгүй болгох ажилд оржээ. Хотын захиргаа замуудыг хааж, 500 метрийн радиуст буй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг тушаасан байна. Үүний улмаас галт тэрэг нэгэн зэрэг зогсч, талбайн эргэн тойронд замын түгжрэл үүссэн байна. Холбогдох мэргэжилтнүүд бөмбөгийг аюулгүй болгох ажлыг эхлүүлж, 8-ны өдрийн 02:45 цагт бүрэн аюулгүй болгожээ. Ингэснээр нүүлгэн шилжүүлсэн иргэд орон гэртээ эргэж ирэв. Хотын захиргаа албан ёсны X (хуучин Twitter) хуудсандаа аюулгүй болгосон бөмбөгийн зургийг нийтэлж, тус хариуцлагатай ажлыг амжилттай хийж дуусгасан багийнхан болон нүүлгэн шилжүүлэхэд тусалж, анхаарал халамж тавьсан сайн дурынхан, мөн эмнэлгийн баг хамт олонд талархсанаа илэрхийлсэн байна. Тус улсад ихэнхдээ барилгын талбайгаас дэлбэрээгүй бөмбөг өмнө нь хэд хэдэн удаа олдож байсан бөгөөд 2021 оны арванхоёрдугаар сард Мюнхений буудлын ойролцоох барилгын талбайд ийм бөмбөг дэлбэрч дөрвөн хүн шархадсан байна. Мөн 2020 онд Франкфурт хотоос Их Британид үйлдвэрлэсэн тэсрэх бөмбөг илрүүлж байсан бол 2017 онд 1.4 тонн жинтэй бөмбөг илрүүлж, 65 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байсан ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.