Айлуудын гэрээр хэсүүчлэн хэрэг тарьж явсан аварга том баавгайг барьж авчээ
Анд нөхдийн мэдээ
2023-08-09
АНУ-ын Калифорниа мужийн Тахо нуурын өмнөд хэсэгт байрлах 21 байшинд нэвтэрсэн хар баавгайг 1 жил 6 сарын турш эрэн хайсны эцэст барьж авсан тухай тус улсын олон нийтийн NPR радио мэдээлэв. Өнгөрсөн оны хоёрдугаар сард нас гүйцсэн баавгай хотоор тэнүүчилж, 28 айлын гэрт халдаж 152 удаа хэрэг тарьсан тухай мэдээлэл авч эрэл хайгуулд гарсан боловч нэг ч удаа бодитоор олж хараагүй байжээ. Энэ удаад олж барьсан баавгай нь маш том биетэй эмэгчин баавгай байсан тул “Hank the Tank” гэж хочилжээ. Энэхүү эх баавгай нь ганцаараа биш гурван бамбаруушийн хамт явсан нь тогтоогдсон байна. Аврагчид баавгайг нойрсуулах тариагаар буудаж унтуулан барьжээ. Жирийн эмэгчин баавгай 125 орчим килограмм жинтэй байдаг бол энэхүү баавгай нь түүнээс хоёр дахин том буюу 225 килограмм жинтэй аварга амьтан байжээ. Баавгай баригдсан хэдий ч түүний тухай мэдээлэл цахим ертөнцөөр тарснаар улам алдаршиж түүний төлөө санаа тавих хүмүүс ихэд олширсон тухай тус радио мэдээлсэн байна. Улмаар түүнийг устгаж хороохгүй байх талаар хүмүүс саналаа ирүүлсээр байгаа аж. Калифорниа мужийн Зэрлэг ан амьтан хамгаалах газар олон нийтийн санаа бодлыг хүндэтгэн тус баавгайг Колорадо мужийн зэрлэг амьтдын дархан цаазат газарт илгээхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Колорадо мужийн амбан захирагч Жаред Полис "Баавгай, миний нутаг дэвсгэрт тавтай морил" хэмээн цахимаар жиргэж түүнд "Henrietta the Tank" хэмээх шинэ нэр өгсөн байна. Зэрлэг амьтан хамгаалах газар эхийгээ даган хэрэг тарьж явсан гурван бамбаруушийг даруй олж зэрлэг байгальд нь тавихаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.