Анагаах ухааны хөгжилд өөрийн мэдэлгүй хувь нэмэр оруулсан бүсгүйн ар гэрт нөхөн төлбөр олгоно
Анд нөхдийн мэдээ
2023-08-02
70 жилийн өмнө өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр эсийг нь авч судалгаанд оруулснаар анагаах ухааны түүхэнд өөрийн мэдэлгүй хувь нэмрээ оруулсан хар арьст америк эмэгтэй нөхөн төлбөр авахаар болжээ. 1951 онд Мэрилэнд мужийн Балтимор хотод амьдарч байсан 31 настай Хэнриетта Лакс хэвлийгээр нь өвдөж, бас цус их алдсанаар Жон Хопкинсийн эмнэлэгт очиж үзүүлсэн байна. Тухайн үед эмэгтэйчүүдийн эмч нар Х.Лаксын умайн хүзүүнд том хавдар байгааг илрүүлсэн бөгөөд өвчтөнд мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр уг хавдрын эсийн дээжийг лабораторид илгээсэн байна. Тухайн хавдрын эс нь бусад эсүүдээс ялгаатай нь хязгааргүй үрждэг байсан бөгөөд улмаар "үхэшгүй мөнх эс" хэмээн нэрлэгдэж дэлхийн анагаах ухааны лабораториудад тархсан аж. Түүнээс хойш уг эсийг "HeLa" хэмээн нэрлэж, саагийн эсрэг вакцин, хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ), хорт хавдар, үргүйдлийн судалгаанд ашиглаж, олон амжилтад хүрчээ. Энэ талаар Х.Лакс бүсгүйн ар гэрийнхэн нь түүнийг нас барснаас хойш хэдэн арван жилийн дараа л олж мэдсэн бөгөөд Х.Лаксын эд эсээс шударга бусаар ашиг олсон гэж үзэн “Thermo Fisher Scientific” компанийг 2021 онд шүүхэд өгчээ. Улмаар Х.Лаксын ар гэрийнхэн болон “Thermo Fisher Scientific” компани хэлцэл хийж, нөхөн олговрын дүн дээр тохиролцоонд хүрсэн тухай Их Британийн ВВС телевиз мэдээлэв. Нөхөн олговрын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч талийгаачийн ар гэрийн өмгөөлөгч Бен Крамп хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ хоёр тал сэтгэл хангалуун байгааг дурдсан байна. ДЭМБ 2021 онд Х.Лаксын ачаар шинжлэх ухаанд олсон амжилтыг дурсах арга хэмжээ зохион байгуулж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.