Монгол охин Өмнөд Солонгосын охидын хамтлаг байгуулах телевизийн уралдаант нэвтрүүлэгт оролцож байна
Анд нөхдийн мэдээ
2023-07-18
Өмнөд Солонгосын SBS телевиз өнгөрөгч нэгдүгээр сард найман гишүүнтэй олон улсын охидын хамтлаг байгуулахаар "Universe Ticket:The Miracle of 82” уралдаант нэвтрүүлэг зохион байгуулахаа зарласан билээ. Улмаар к-поп охидын хамтлагийн гишүүн болох хүсэлтэй, 2011 оноос өмнө төрсөн 12-19 насны охидын өргөдлийг гуравдугаар сарын 2-ноос 14-ны хооронд хүлээн авчээ. Үүнээс гурван сарын дараа эцсийн шалгаруулалтыг зохион байгуулж, энэ сарын 13, 17-ны өдрүүдэд 14 улсын 82 оролцогчийн нэрийг зарласан байна. Ийнхүү улсынхаа гар утасны дуудлагын өмнөх дугаар болох 82 тоог бэлгэдэн 82 охин шалгаруулсанд Монголоос 19 настай Энэрэл охин тэнцжээ. Түүний инстаграм хаяг нь Enny_Melody бөгөөд тайзны нэр Энни (ENNY) гэнэ. Тэрбээр монгол, солонгос, англи хэлтэй, морин хуур тоглодог авьяаслаг нэгэн юм.
Уг хөтөлбөрт тэнцсэн охид нэвтрүүлгийн туршид 82 тусгай даалгавар биелүүлж, өөрсдийнх нь дунд явуулсан санал хураалтаар хасагдсаар наймуулаа үлдэх ажээ. Нэвтрүүлэг ирэх 11 дүгээр сард SBS телевизээр гарч эхлэх юм. Нэвтрүүлгийн найруулагчаар 2010 оноос “Running Man”, 2021 онд эрэгтэй к-поп хамтлаг байгуулах “Loud” нэвтрүүлгийн найруулагчаар ажилласан И Хван-Жин ажиллаж байна. Тэрбээр энэ удаагийн нэвтрүүлгийн тухай “Бид бэлтгэгчид өөрсдөө өөрсдөдөө санал өгдөг байхаар нэвтрүүлгийг зохион байгуулна. Үүний зорилго нь бэлтгэгчдийг богино хугацааны эрчимтэй бэлтгэлийн үр дүнд бий болсон ур чадвараар нь бус тэдний жинхэнэ зан чанар, багаар ажиллах чадвар, хичээл зүтгэлээр нь үнэлэх юм” гэжээ. Тус хөтөлбөрөөс шалгарах найман охин нэг хамтлаг болж “F&F Entertainment” компанийн уран бүтээлч болно. “F&F Entertainment” нь MLB, “Discovery” зэрэг брэндийн хувцсаараа алдартай Өмнөд Солонгосын “F&F Fashion” компанийн энэ онд байгуулсан охин компани юм. Уг компани "Universe Ticket:The Miracle of 82” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр SBS телевизтэй хоёр жил хагасын хамтын гэрээ байгуулжээ. Маргааш тус уралдаанд оролцогчдын албан ёсны урьдчилсан санал хураалт эхэлж, наймдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ. Саналыг энэ линк дээр дарж ороод Энэрэл охины зураг дээр дарж өгөх боломжтой. Мөн "Fancast:Discover somethin' NEW" аппликэйшнийг гар утсандаа татаж суулгаад санал өгч болох аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.