Нэг америк хүн жилд дунджаар 15 литр зайрмаг иддэг
Анд нөхдийн мэдээ
2023-07-17
1984 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Рональд Рейган долоодугаар сарыг зайрмагны сар, долоодугаар сарын гурав дахь ням гарагийг Үндэсний зайрмагны өдөр болгожээ. Долоодугаар сард зуны хамгийн халуун үе тохиодог учраас ийн тэмдэглэх болсон бөгөөд АНУ-ын зайрмаг үйлдвэрлэгчдийн хамгийн завгүй байдаг энэ сард, жилд үйлдвэрлэдэг нийт зайрмагныхаа 3/5 хувийг хийдэг. Мөн энэ өдөр дэлгүүрүүд зайрмагаа хямдруулахаас гадна хүмүүс гэртээ зайрмаг хийж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг байна. Тухайлбал, энэ жил “Klondike” цахим тоглоомын компани Нью-Йорк хотод үнэгүй зайрмаг тарааж, хөгжилтэй тоглоом тоглох өдөрлөг хийжээ. Олон улсын сүү сүүн бүтээгдэхүүний холбооны (IDPA) хийсэн судалгаанаас үзвэл нэг америк хүн жилд дундажаар 15 литр зайрмаг иддэг байна. Гэхдээ дэлхийн хамгийн их зайрмаг иддэг хүмүүс бол жилд 23 литр зайрмаг иддэг Шинэ Зеландын иргэд юм. Өнгөрсөн жилийн АНУ-ын зайрмагны өдрөөр Хойд Америкийн зайрмагны холбооны гишүүн байгууллагууд, зайрмаг зардаг зуу гаруй жижиг дэлгүүр, 1000 хэрэглэгчийг оролцуулсан судалгаа хийснээс үзэхэд АНУ-ын иргэдийн ихэнх нь шоколад, жигнэмэгний үйрмэг, ваниль, гүзээлзгэнэ, шоколадтай жигнэмэгтэй зайрмагт хамгийн их дуртай ажээ. Мөн судалгаанд оролцогчдын 73 хувь нь долоо хоногт дор хаяж 2-3 удаа зайрмаг иддэг гэж хариулсан байна. Мөн насны ангиллаар авч үзвэл 14-17 насныхан гаа, шокалад, жигнэмэгтэй, 18-24 насныхан жигнэмэгний үйрмэг, 25-34 насныхан жигнэмэгтэй, 35-аас дээш насныхан шоколадтай зайрмагт дуртай аж. Түүнчлэн АНУ-ын нийгэм, эдийн засагт зайрмаг чухал байр суурийг эзлэх бөгөөд тус улсын зайрмагны үйлдвэрүүд 29 мянган ажлын байр бий болгож, улсынхаа эдийн засагт 13 тэрбум долларын нөлөө үзүүлдэг. Тухайлбал, 2021 онд тус улсын зайрмаг үйлдвэрлэгчид 4.9 тэрбум литр зайрмаг үйлдвэрлэжээ. Түүнчлэн тус улсын нийт сүүний есөн хувийг зайрмаг хийхэд ашигладаг байна. Өөр нэгэн сонирхолтой баримт дурдахад, ерөнхийлөгч асан Томас Жефферсон зайрмагны хорхойтон байсан бөгөөд түүний ванильтай зайрмагны орц бүхий гар бичмэлийг Конгрессын номын сан цуглуулан хадгалж буй. Мөн Калифорнийн Long Beach далайн эрэгт зайрмаг хамгийн их зарагддаг ажээ. Зайрмагийг МЭ 618 оны үед Тан гүрэнд үүссэн гэж үздэг бөгөөд анх АНУ-д 1904 онд конусан жигнэмгийг зайрмагны аяга болгон ашиглаж эхэлжээ. Харин хүн нэг зайрмагийг идэж дуусгахад дундажаар 50 удаа долоодог байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.