Милан Кундера таалал төгсөв
Анд нөхдийн мэдээ
2023-07-13
“Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” зохиолоор монголчуудын танил болсон чех гаралтай Францын зохиолч Милан Кундера 94 насандаа Парист өөд боллоо. Түүнийг таалал төгссөн мэдээг хүлээн аваад Европын парламентын гишүүд хэсэг чимээгүй болж эмгэнэл илэрхийлжээ. М.Кундера коммунист Чехословак улсад төрж, 1981 онд Францын иргэншилтэй болсон юм. Тэрбээр 1953 оноос роман, жүжгийн зохиол бичиж эхэлсэн бөгөөд сүүлийн зохиолуудаа бүгдийг нь франц хэлээр бичиж, чех хэл рүү огт орчуулаагүй байна. Түүний “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” (L'Insoutenable Légèreté de l'être) зохиол 1984 онд гарсан ч 22 жил өнгөрсөн хойно буюу 2006 онд л эх оронд нь хэвлэхийг зөвшөөрсөн гэдэг. Мөн түүний анх бичсэн “Хошигнол” (Žert) романыг 1968 онд ЗХУ Прага руу довтолсны дараа Чехословак улсад хоригложээ. Тус зохиолд социалист уриалга гарсны дараа уурхайд ажиллахаар хуваарилагдсан залуу хүүгийн тухай өгүүлдэг ажээ. Түүний "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" зохиол ч мөн ЗХУ-ын танк нийслэл Прага хотод нь орж ирж буйгаар эхэлдэг. Тиймээс коммунист намын эсрэг үзэлтэн түүнийг дэлхий дахинд улс төрийн шүүмжлэгч хэмээдэг. Түүний аав Людвик Кундера хөгжим судлаач, төгөлдөр хуурч байсан тул кино найруулагч мэргэжилтэй М.Кундера ааваасаа төгөлдөр хуур тоглохыг сурсан бөгөөд аавтай нь ижил нэртэй үеэл Людвик Кундера нь Чехийн алдартай орчуулагч, зохиолч байсан аж. Тэр 1985 онд Йерусалимын шагнал, 1987 онд Европын утга зохиолд олгодог Австрийн төрийн шагнал, 2000 онд Германы философич Хэрдэрийн шагнал, 2009 онд 200 мянган евро дагалддаг "Prix mondial Cino Del Duca" шагнал хүртсэн юм. Мөн түүнийг 2010 онд төрөлх хот Брно нь хүндэт иргэнээ болгосон бол хамгийн сүүлд 2020 онд Франц Кафкагийн шагнал хүртжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.