Ууланд төөрсөн хоёр настай хүүхэд 6 хоногийн дараа эсэн мэнд олджээ
Анд нөхдийн мэдээ
2023-07-12
Хятадын хөдөө нэгэн тосгонд хоёр настай хүүхэд алга болоод зургаа хоногийн дараа олдсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Тус мэдээнд дурдсанаар уг Шаньси мужийн Чинфэн тосгонд хүүхэд өнгөрсөн 4-ний өдрийн 11:00 цагийн орчимд гэртээ тоглож байгаад гэнэт алга болсон гэх бөгөөд орон нутгийн олон нийтийн аюулгүй байдлын ажилтнууд болон оршин суугчид зэрэг 200 орчим хүн эрэн хайсан боловч олж чадаагүй байна. Хэдэн өдөр явуулсан эрэн хайх ажиллагаанд ахиц гарахгүй байсан бөгөөд цагдаагийн ажилтнууд уг хүүхдийг хулгайлагдсан байх магадлалтай гэж үзэж байжээ. Улмаар 8-ны өдөр хөрш айлынх нь хяналтын камерт хажуу уулыг чиглэн явж буй хүүхдийн дүрс бичлэг үлдсэнийг олж харжээ. Өвөө нь түүнийг уулын энгэр лүү байнга дагуулж явдаг байсан тухай ар гэрийнхнээс нь дуулсан аврах багийнхан уулын эргэн тойронд эрчимтэй эрэл хайгуул хийж, 9-ний орой уулнаас хүүхдийн өмсөж явсан гутлыг олсон байна. Улмаар 50 гаруй аврагч шөнөжин ууланд хайсаар 10-ны өглөө уулын оройгоос хүүхдийг эсэн мэнд олжээ. Хүүхэд гэрээсээ нэг км орчим хол явжээ. Ийнхүү алга болсноос хойш зургаа хоногийн дараа хүүхдийг олж даруй эмнэлэгт хүргэжээ. Хүүхэд эсэн мэнд олдсон тухай мэдээг гэр бүлийнхэн нь төдийгүй тосгон даяараа, мөн сайн дурын эрлийн багийнхан болон цаашлаад энэ мэдээг сэтгэл түгшин сонсож байсан цахим хэрэглэгчид хүртэл баяр хөөр болон хүлээн авчээ. Орон нутгийн олон нийтийн аюулгүй байдлын албаны хүн "Хүүхэд оюун ухаан, бие бялдрын хувьд эрүүл, чийрэг байсан бололтой" гээд гэхдээ тийм насны хүүхэд хоол ундгүй 6 хоногийг давж гарсанд итгэж чадахгүй байгаагаа хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.