2024 оны Олимпын усан сэлэлтийн тэмцээн Сена мөрөнд болно
Анд нөхдийн мэдээ
2023-07-11
Парисын Сена мөрний зарим хэсгийг олон нийтэд зориулсан усан сэлэлтийн газар болгохоор төлөвлөж байгаа тухай тус хотын захирагч Анн Идальго мэдэгдсэн байна. Тус мөрөнд усанд сэлэх боломжтой гурван газар байдаг бөгөөд эдгээр газруудад голын эрэгт холбогдсон гүүр, усанд сэлэх хил хязгаарыг тэмдэглэсэн хөвүүр суурилуулж, аврагчдыг ажиллуулах ажээ. Хотын дарга “2024 оны Парисын Олимпын ачаар парисчуудын мөрөөдөл биелж байна” гээд ирэх жил болох Олимпын зарим усан сэлэлтийн тэмцээн Сена мөрөн дээр болно гэсэн байна. Өмнө нь 1900 оны Парисын Олимпын үеэр Сена мөрөнд усан сэлэлтийн тэмцээн зохиож байжээ. Гэвч түүнээс хойш голын усны бохирдол, олон тооны гатлага онгоц зэргээс болж 100 жилийн өмнө буюу 1923 оноос хойш Сена мөрөнд сэлэхийг бүрэн хоригложээ. Дараа нь 1988 онд Парис хотын дарга Жак Ширак гурван жилийн дотор голыг цэвэршүүлж, иргэд усанд сэлэх боломжтой болгоно гэж амласан ч хэрэгжээгүй байна. Их Британи, Америкийн хэвлэлүүд тухайн үед “Сена бол дэлхийн хамгийн романтик мөртлөө бохир гол” гэж бичиж байжээ. 2024 оны Олимпыг Парист зохиох эрх авсны дараа Сена мөрнийг цэвэрлэхэд 1,4 тэрбум евро зарцуулсан байна. Борооны үеэр үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор цэвэрлэх байгууламжийг шинэчилж, асар том агуулах сав суурилуулсан бол айл өрх, аж ахуйн нэгжүүдийн бохир ус зайлуулахад хатуу хяналт тавин ажиллаж байна. Өнгөрсөн жилийн ээлжит шалгалтаар Сена мөрөн гэдэсний савханцар зэрэг усаар дамждаг нянгийн түвшин нь аюулгүй, усанд сэлэх боломжтой болох нь тогтоогдсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.