Женевийн форум: Хүн-роботууд хүмүүсийн эсрэг үйлдэл хийхгүй гэдгээ мэдэгдэв
Анд нөхдийн мэдээ
2023-07-11
Швейцарын Женев хотноо саяхан "Сайн сайхны төлөөх хиймэл оюун ухаан" форум болов. НҮБ-ын дэргэдэх мэдээлэл, харилцаа холбооны технологийн мэргэшсэн олон улсын байгууллага болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас зохион байгуулсан форумд хүн дүрст есөн робот оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Үүнийг “Reuters” агентлаг "Дэлхийн анхны хүн-роботын хэвлэлийн бага хурал" гэж мэдээлэв. Сувилагч, дуучин, зураач зэрэг янз бүрийн ажил мэргэжилтэй эдгээр роботууд хүмүүсийн ажлын байрыг булаахгүй, хүмүүсийн эсрэг үйлдэл хийхгүй гэдгээ хэвлэлийн бага хурал дээр хэлсэн тухай тус агентлаг мэдээлэв. Мөн цаашид роботуудын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь олон улсын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болно гэж тэд хэлжээ. Сувилагчийн дүрэмт хувцас өмссөн эмнэлгийн робот Грэйс "Би хүмүүстэй хамт бусдад тусламж, дэмжлэг үзүүлэх болно" гээд мөн "Ажлын байраа солихгүй" гэжээ. Амека нэртэй өөр нэг роботоос өөрийг нь бүтээсэн зохион бүтээгчийн эсрэг үйлдэл хийх эсэхийг асуухад "Чи яагаад ингэж бодож байгааг би ойлгохгүй байна" гэж хариулжээ. София нэртэй робот нь роботууд хүнээс илүү сайн удирдагч байж чадна гэж хэлэх үед зохион бүтээгчид санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэхэд тэрбээр хүмүүс болон роботууд хамтран "Үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгож чадна" хэмээн түрүүчийн хариултаа өөрчилсөн байна. Тухайн өдөр роботуудын өгсөн хариулт маш тодорхой, өө сэвгүй байсанд зохион бүтээгчид хүртэл гайхсан тухай “Reuters” мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.