images

Баавгай маягаар хооллож жингээ хасах нь өндөр үр дүнтэйг нотлов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-07-10


   АНУ-д нэгэн эмэгтэй зөвхөн хоолны дэглэм барьж хагас жилийн дотор 45 кг турсан тухай мэдээлэл цацагдаж олны анхаарлыг татаж байна. Түүний ингэж амжилттай жингээ хассан нууц нь баавгайн хооллох зуршлыг мөрдсөнтэй холбоотой гэнэ. Америкийн эмэгтэйчүүдийн “Women's World” сэтгүүл нийгэм судлаач, доктор Аманда Роузын жингээ хассан нууцын талаар тодруулжээ. Энэ жил 51 нас хүрч буй тэрбээр өмнө нь 127 килограмм жинтэй байжээ. Баавгай маягийн хоолны дэглэм гэдэг нь баавгай шиг илчлэг хоол цадталаа идээд үлдсэн хугацаанд өөх тосоо шатаадаг арга юм. Ингэхдээ хаа хамаагүй хоол идэж болохгүй. Баавгайн идэх дуртай хулд загас, хүнсний ногоо, самар зэрэг байгалийн гаралтай хоолыг нэг цагийн турш тайван идэх хэрэгтэй. Доктор А.Роуз өдөр бүр тогтоосон цагт хооллодог, ингэхдээ байгалийн гаралтай эрүүл хүнс хэрэглэдэг байжээ. Ийм дэглэмээр хэсэг хугацаанд хооллоход жин хасагдаад зогсохгүй биеийн хүч тамир сайжирч, өвдөг, үе мөчний өвчин хүртэл арилсан байна. "Энэ бол өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх маш энгийн арга юм" гэж тэрбээр хэлжээ. Гол нь нэг удаагийн хоолондоо дор хаяж 1200 калори илчлэг хэрэглэхийг зөвлөсөн байна. Үнэндээ бол баавгайтай адил дэглэмтэй хооллох нь зарчмын хувьд завсарлагатай мацаг барихтай төстэй бөгөөд өдөрт зөвхөн нэг удаа хооллож, ходоодоо удаан хугацаагаар өлөн байлгана гэсэн үг ажээ. Хоол хүнс биед ороход цусан дахь сахарын хэмжээ болон глюкозын концентрац нэмэгдэж, нойр булчирхай нь инсулин ялгаруулдаг. Инсулин нь өөхний эсийн хуримтлалыг идэвхжүүлдэг гол буруутан гэж тооцогддог бөгөөд завсарлагатай мацаг барих нь үүнээс сэргийлдэг ажээ. Мэргэжилтнүүд завсарлагатай мацаг барих нь инсулиний эсэргүүцлийг сайжруулж, өөх тосыг шатаах замаар жингээ хасахад тусалдаг болохыг тогтоосон байна. Улмаар инсулиний хэмжээг бууруулахад аяндаа жин хасагддаг болохыг онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.