images

Ачааны машин сонирхдог хүүгийн төрсөн өдрөөр 64 машин цугларав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-07-10


   Шинэ Зеландад нэгэн ээж долоон настай хүүгийнхээ төрсөн өдрөөр хүүг нь ачааны машиндаа суулгаж өгөхийг хүссэн зар цахим ертөнцөд нийтлэхэд 64 ачааны машин ирж хүүгийн төрсөн өдрийг тэмдэглэх цуваа бүрджээ. Тус улсын Хэмилтон дүүрэгт амьдардаг Кэтрин бүсгүй ачааны машинд сонирхолтой хүүгийнхээ төрсөн өдрөөр өвөрмөц бэлэг барихаар шийдэн хүүг нь ачааны машиндаа суулгаж өгсөн хүнд 50 доллар төлөх тухай Facebook-т зар оруулжээ. Түүний хүү Оливер Жонсон бол ганцаардмал хүүхэд бөгөөд зөвхөн гэртээ сууж ачааны машины тухай сэтгүүл уншиж цуглуулдаг, хүнд даацын ачааны машины компаниудын нэрийг  төвөггүй нэрлэж чаддаг ажээ. Түүний ганц хүсэл бол хүнд даацын ачааны машины жолооч болох гэнэ. Ийн хүүгээ ачааны машинд суулгаж үзүүлбэл баярлах байх гэж ээж нь бодсон байна. Энэ үеэр "Heart Holly" хэмээх ачааны машины компанийн захирал Барри Харт түүний зарыг олж уншаад хүүгийн мөрөөдлийг биелүүлэхээр энэхүү арга хэмжээг зохион байгуулсан байна. Тэрбээр олон нийтийн сүлжээнд ачааны машины жолооч нарыг зөвхөн Оливер хүүд зориулж ачааны цуваа бүрдүүлэх санал тавьж, үүнд нэгдэхийг хүссэн зар нийтлэхэд 64 ачааны машины жолооч үүнд нэгдсэн байна. Б.Харт "Хүүхэд бүрийн хажууд хамт олон, ард түмэн, хүмүүс байдаг гэдгийг хүүд мэдүүлэхийг хүссэн" гэжээ. Оливер хүүгийн аав Саймон тийм олон ачааны машин ирсэнд үнэхээр гайхсан ба энэ нь хүүд ч үнэхээр гэнэтийн бэлэг болсон тухай өгүүлжээ. Улмаар "Хүүгийн минь царайд баяр хөөр гэрэлтэж байсан. Мөрөөдөл нь биелсэн хүүгийн минь сэтгэл зүрх жигүүртэй мэт хөөрөн нисэж яваа байх” гэжээ. Эцэст нь төсөөлж байснаас илүү гайхамшигтай өдөр байсныг хэлээд, үүнд оролцож хүүд нь бэлэг барьсан, сэтгэлийн дэм хайрласан бүх хүмүүс талархаснаа илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.