Нидерланд улс Азийн орнуудаас хууль бусаар авсан соёлын үнэт зүйлсийг буцаан олгоно
Анд нөхдийн мэдээ
2023-07-07
Өнгөрсөн түүхэндээ боолчлол явуулж байсныхаа төлөө саяхан албан ёсоор уучлалт гуйсан Нидерланд улс колоничлолын үед Индонез болон Шри Ланк улсаас хууль бусаар хүч түрж авсан олон зуун соёлын үнэт зүйлсийг тус улсуудад буцааж өгөхөөр болсон тухай ВВС мэдээллээ. 2020 онд байгуулсан Соёлын өвийн гарал үүслийг шалган тогтоох комиссын зөвлөмжийн дагуу ийм шийдвэр гаргасан тухай тус улсын Соёлын сайд Гунай Услу мэдэгдлээ. Сайд Г.Услу “Нидерландад байх ёсгүй соёлын үнэт зүйлсийг буцаан өгч байна” гээд, соёлын үнэт зүйлсийг эргүүлэн өгснөөр Индонез, Шри Ланктай цаашдын хамтын ажиллагаа улам бэхэжнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. Энэ удаад буцаан олгохоор болсон соёлын үнэт зүйлсийн тоонд 1894 онд Нидерландын арми Индонезийн Ломбок арал дээрээс хүч хэрэглэн авсан "Ломбокийн эрдэнэс" багтсан байна. Мөн 1765 онд Шри Ланкийн Канди хотыг эзлэн авах үеэр дээрэмдсэн үнэт чулуугаар чимэглэсэн 18 дугаар зууны үеийн хүрэл их бууг тус улсад буцааж өгөхөөр болжээ. Нидерланд улсад өнгөрсөн түүхийн гажуудлыг засах хөдөлгөөн сүүлийн үед идэвхтэй өрнөж байна. Тус улсын эзэн хаан Виллем-Александр саяхан боолчлолыг халсны 150 жилийн ойд зориулсан илтгэлдээ тухайн үед үйлдсэн боолчлолын гэмт үйлдэлдээ албан ёсоор уучлалт гуйж, "Боолын худалдаа, боолчлол бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг юм" хэмээн мэдэгдсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.