Итали: С.Берлускони дүүдээ 100 сая, шоронд байгаа найздаа 30 сая евро үлдээжээ
Анд нөхдийн мэдээ
2023-07-07
Италийн ANSA агентлаг тус улсын ерөнхий сайд агсан Сильвио Берлусконигийн гэрээслэлийн хуулбарыг олон нийтэд ил болголоо. Тэрбээр амьд ахуйдаа эзэмшиж байсан “Fininvest” компанийн ихэнх хувьцаа буюу 61.3 хувийг том охин Марина, том хүү Пьер Сильвио нартаа тэнцүү хэмжээгээр шилжүүлсэн байна. Хувьцааны үлдсэн хувь нь хоёр дахь эхнэрээс төрсөн Барбара, Элеонора, Луижи нарт очсон байна. “Fininvest” нь Италийн хамгийн том хэвлэлийн компани болох “Mondadori" болон “Milani Manzoni” театр зэрэг олон арван компанийг эзэмшдэг бөгөөд мөн тус улсын хамгийн том медиа групп “Mediaset”-ийн 50 хувь, “Mediolanum” банкны 30 хувийг эзэмшдэг ажээ. "Fininvest”-ийн ерөнхий захирлаар охин Марина нь ажилладаг бол хүү Пьер Сильвио нь “Mediaset”-ийн гүйцэтгэх захирал юм. С.Берлускони гэрээслэлдээ гарын үсэг зурж, таван хүүхдэдээ хандан "Ийм их хайрыг хайрласан та нартаа баярлалаа. Ааваас нь" гэж сүүлчийн үгээ бичжээ. Тэрбээр компанийхаа хувьцааг хуваарилах, өвлүүлэх шийдвэрээ 2006 онд гаргасан байсан гэж ANSA агентлаг мэдээлэв. Гэрээслэл ёсоор түүний дүү Паоло 100 сая, сүүлийн эхнэр Марте Фашине 100 сая, дотнын найз Марчелло Дель Утри 30 сая евро хүртэхээр болжээ. Марчелло Дель Утри нь С.Берлускониг ерөнхий сайд байхад ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан бөгөөд Сицилийн мафитай холбоотой байсан, татвараас зайлсхийсэн, санхүүгийн луйвар хийсэн хэргээр 2014 онд шүүхээс долоон жилийн, 2018 онд дахин 12 жилийн хорих ял сонссон юм.
Италийн хамгийн баян хүн, хэвлэл мэдээллийн магнат, улс төрч С.Берлускони 1994-2011 онд гурван удаа тус улсын ерөнхий сайдаар ажиллажээ. “Bloomberg”-ийн гаргасан тэрбумтнуудын индексээр түүний хөрөнгө дөрөвдүгээр сарын байдлаар 7,4 тэрбум доллар хүрсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.