Тэйлор Свифт Европын орнуудад 48 тоглолт хийхээр боллоо
Анд нөхдийн мэдээ
2023-07-06
Алдарт дуучин Тэйлор Свифт “The Eras” аялан тоглолтынхоо үеэр таван тивийн улсуудад нийт 131 тоглолт хийх юм. Тэдгээрийн 34 нь Европын орнуудад хийх тоглолт бөгөөд тэрбээр Европт тоглох хуваариа 14 өдрөөр нэмснээ лхагва гарагт зарлалаа. Түүний Европ дахь аялан тоглолт 2024 оны тавдугаар сарын 9-нд Парис хотоос эхэлж, наймдугаар сарын 17-нд Лондон хотод дуусна. Т.Свифт нэмэлт тоглолтоо Парис, Стокхольм, Лиссабон, Лион, Эдинбург, Лондон, Даблин, Амстердам, Милан, Гелсенкирхен, Варшав, Вена хотод хийхээр төлөвлөжээ. Түүний Монгол улстай хамгийн ойрхон хийх тоглолт Япон улсад ирэх оны хоёрдугаар сард болно. Дуучин одоо АНУ-ын хотуудаар тоглолтоо хийж буй бөгөөд АНУ дахь 52 тоглолтын тасалбар хэдийнэ зарагдаж Элтон Жон, Брюс Спрингстин, Харри Стайлс нарын амжилтыг эвдээд байна.
“Forbes” сэтгүүлээс дуучны хөрөнгийн хэмжээг энэ оны зургадугаар сарын 1-ний байдлаар 760 сая доллар гэж тооцоолсон бөгөөд энэ хөрөнгөөрөө өөрийн хүчээр хөрөнгөжсөн Америкийн эмэгтэй баячуудын 34 дүгээрт эрэмбэлэгдэнэ гэж үзжээ. Т.Свифт Грэммийн шагналыг 11 удаа, “Billboard Music Awards” шагналыг 29 удаа, “American Music Award” шагналыг 34 удаа хүртсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.