Дэлхийн анхны цөлийн төмөр зам Такламаканд
Анд нөхдийн мэдээ
2023-07-06
Хятадын Шинжаанд буюу алдарт Такламаканы цөлд 2712 км үргэлжлэх төмөр зам барьжээ. Тэр зам элсэн цөл, говь, хүн амьдардаггүй, хэт халуун, хүйтэн, элсэн шуургатай замыг туулж өмнөд хөршийн алслагдсан бүс нутгуудыг хооронд нь холбосон байна. Улмаар олон угсаатан оршин суудаг алслагдмал бүсээ анх удаа төмөр замтай болгосон нь дэлхийд анхдагч цөлийн төмөр зам боллоо. Өнгөрсөн оны зургадугаар сард Шинжааны өмнөд хэсгийн төмөр замын Голмод-Хорол, Руочян-Хорол, Хорол-Кашгар, Кашгар-Хотон чиглэлүүдийг Хотон-Руочян шинэ төмөр замын шугамтай холбосноор энэ бүтээн байгуулалтын ажил дуусчээ. Энэ тухай Шинжааны нүүрсний компанийн захирал “Бид хэзээ ч ачаагаа гурван өдрийн дотор Төвөдөд очно гэж бодож байсангүй. Голмод-Хорол төмөр замын шугам ашиглалтад орохоос өмнө 10 өдөр болж ачаа хүрэх газраа очдог байсан” хэмээн “Жэнминь Жибао” сонинд ярьжээ. Тус төмөр замын шугамаар Өмнөд Шинжааны бараа тээвэрлэлтийн 95 хувь нь явдаг аж. Ийнхүү цөлийн төмөр замын өндөр хурдны галт тэргээр хотончуудын хивс, кашгаруудын чавга, аксучуудын алим Хятад даяар түгж байна. Мөн ганцхан жилийн дотор Хотон-Руочяны галт тэргээр 360 мянган хүн зорчиж, тус нутгийн тээвэр логистикийн сүлжээ мэдэгдэхүйц дэвшин, эдийн засагт нь эерэгээр нөлөөлжээ. Тухайлбал, энэ оны эхний зургаан сарын байдлаар Хорол, Кашгараас ачааны галт тэргээр 33.5 сая тонн бараа тээвэрлэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.