images

Япон эр зөвхөн хэмнэлттэй хооллосноороо 90 гаруй саяын хадгаламжтай болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-07-05


   Японд зөвхөн хэмнэлттэй хооллосноороо 94 сая иен хуримтлуулж чадсан 45 настай эрийн тухай ярилцлага цахим орчинд олон сая хүнд хүрсэн байна. Тус улсын “Encount” сэтгүүл түүнтэй хийсэн ярилцлагыг нийтэлсэн бөгөөд тэрхүү эр ярилцлагадаа "Би жирийн компанид хар бор ажил хийх явцдаа 20 гаруй жил маш хэмнэлттэй аж төрж, дэглэмтэй хооллож бага багаар мөнгөө хуримтлуулсан" гэжээ. Тэрбээр өнгөрсөн сарын 18-нд Twitter хуудсандаа “Өнөөдрийн оройн зоог” гэсэн ганц зураг нийтэлсэн байна. Хоолны ширээн дээр ердөө аяга будаа, дээр нь нунтагласан далайн байцай, нэг ширхэг даршилсан чавга, өндөгний ороомог л байлаа. Энэхүү зургаа тэрбээр "Энэ бол урьдын адил энгийн хоол, гэхдээ өндөг бол тансаг хэрэглээ” гээд “Ийм хэмнэлттэйгээр 20 гаруй жил амьдрахад хадгаламж минь 93 сая иен болжээ. Одоо бол юу ч идсэн амттай” гэсэн тайлбар хийсэн байна. Энэхүү зургийг нь нийт 20 сая орчим хүн үзэж тэр өөрөө алдаршиж эхэлжээ. Дараа нь тэрбээр хувьцаа эзэмшигчдэд олгодог хөнгөлөлтийн талоноор хоол хүнсний асуудлаа шийдэж байгаа зураг болон гурван өдрийн турш зөвхөн цөцгийтэй талх идэж байгаа тухайгаа цахим хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр мөн ярилцлагадаа энэ тухайгаа "Би зөвхөн хэмнэлт, хуримтлал, оноо хуримтлуулах, хувьцаанд хөрөнгө оруулах зэргээр 94.7 сая иен хуримтлуулсан” гэжээ. Улмаар хадгаламж нь өссөн ч хэрэглээгээ нэмэгдүүлээгүй, хуучны хямдхан орон сууцыг сарын 30 мянган иенээр түрээслэн суудгаа хэлсэн байна. Цахим орчинд хүмүүс түүний эрүүл мэндэд санаа зовж буйгаа илэрхийлэхэд тэрбээр "Би эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагддаг. Маш энгийн, хэмнэлттэй хооллосноороо би эв эрүүл байдаг. Хэмнэлттэй хооллох нь асгаж цутган үрэлгэн хооллохоос илүү эрүүл мэндэд сайн” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.