images

Хятад улс Мазу шүтээнийг сурталчилж эхэлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-07-05


   Хятад улс Тайванийн ерөнхийлөгчийн сонгуулийг урьтал болгон далайн бурхан Мазуг сурталчилж эхэлжээ. Мазу бол Хятад, Тайванийн эрэг орчмын ард түмний сүсэг бишрэл шингэсэн шүтээн бөгөөд 2009 онд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгджээ. Хятадын Фүжян, Гуандун, Хонконг, Макао, Тайваньд голчлон шүтдэг олон сая шүтэн бишрэгчтэй тус шүтээнийг “эх газраас ирсэн” хэмээн онцолж, Тайванийн ард түмний таашаалд нийцүүлэхийг хичээж байгаа тухай шинжээчид тайлбарлаж байна. Саяхан Тайванийн “Мазу соёл судлалын нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч тэргүүтэй 45 хүн уг шүтээний өлгий нутаг болох Хятадын Фүжянь мужийн Мэйжү хотын Тяньхоу ордонд зочилжээ. Тяньхоу ордон нь Умард Сүн гүрний үед баригдсан бөгөөд 1966 оны соёлын хувьсгалын үеэр сүйрч, 1989 онд сэргээн засварласан байна. Мөн өнгөрсөн сарын 12-нд Мазу шүтээний мэндэлсний 1063 жилийн ойг тохиолдуулан Бээжин хотын Чаоюн соёлын талбайд “Мазугийн хайр Хятад, Тайванийг холбоно” уриан дор соёлын солилцооны арга хэмжээ зохион байгуулжээ. Мазу шүтээнтэй холбоотой арга хэмжээнд Хятадын өндөр түвшний хүмүүс оролцож байна. Гэвч Тайванийн зарим сүсэгтнүүд Хятад улс уг шүтээнийг улс төрийн хэрэгсэл болгон ашиглахыг эсэргүүцсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.