Хойд Солонгосын хөлбөмбөгийн шилдэг тамирчин хаа явна?
Анд нөхдийн мэдээ
2023-07-03
Европын хөл бөмбөгийн талбайд маш эрчтэй гарч ирж, "Ард түмний Роналдо" нэртэй болж байсан ч хэдэн жилийн өмнөөс сураг алдарсан Хойд Солонгосын үндэсний шигшээ багийн хөлбөмбөгийн тамирчин Хан Кванг Сонг CNN өнөөдөр онцоллоо. Тус телевиз "Хойд Солонгосын шилдэг тоглогч хөлбөмбөгийн ертөнцийг гайхшруулаад алга болов" гэсэн гарчигтай нийтлэлдээ "Хан Кван Сон бол Европын хөлбөмбөгийн шилдэг таван лигт гоол оруулсан анхны Хойд Солонгосын тоглогч" хэмээн онцолжээ. 2013 онд засгийн эрхэнд гараад удаагүй байсан Ким Жон Ун спортын хүчирхэг орон болох зорилт тавин Пёняны олон улсын хөлбөмбөгийн сургуулийг байгуулсан аж. Үүний дараахан тус улсын Засгийн газрын дэмжлэгээр Испани руу 14 оюутан, Итали руу 15 оюутан илгээжээ. Тэдний дундаас Испанийн Барселона хотод суралцаж байсан Хан Кван Сон бусдаасаа ялгарч байжээ. 2015 онд тэрээр “Italian Soccer Management” тэмцээнд оролцсоноор олны анхаарал татаж эхэлсэн юм. Улмаар 2017 онд Италийн дээд лигийн "Cagliari" клубт албан ёсоор элсэж, тэр даруй мэргэжлийн түвшинд хүрсэн билээ. Тус багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Макс Канжи CNN-д өгсөн ярилцлагадаа "Тэр бусдаас онцгой байсан” гэжээ. Мөн багийнх нь анд байсан Николас Пеннингтон "Тэр ичимхий боловч сайхан залуу, үнэхээр сайн тоглогч байсан" гэсэн байна. 2020 онд тэрбээр тус улсын нэр хүндтэй клубуудын нэг “Ювентус” багт шилжиж ирснээр карьер нь оргилдоо хүрчээ. Үүнээс ердөө долоо хоногийн дараа Катарын “Аль Духайл” клубт орсон байна. Улмаар 2020 оны наймдугаар сарын 21-нд 21 настай залуу улирлын сүүлчийн тоглолтоо хийж аваргын цомыг хамт олонтойгоо өргөөд түүнээс хойш сураг алдарчээ. Энэ талаар гадаадын хэвлэлүүд түүнийг Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээний жагсаалтад орсон учраас гадаадад тоглолтод оролцох шинэ баг олдохгүй байгаа тул нутагтаа буцсан гэж таамаглаж байлаа. Хэдэн сарын дараа буюу 2021 оны нэгдүгээр сарын 26-нд гаргасан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тайланд дурдсанаар Хан Кванг Сон Катарын “Аль Духайл” багтай байгуулсан гэрээгээ цуцалсны дараа тус улсаас бүрмөсөн явжээ. Олон эх сурвалжийн мэдээлснээр, Хан Кван Сон 2021 онд Пёнян руу явах нислэг хүлээн Ромд хэсэг хугацаанд байсан гэнэ. Гэвч Италийн Гадаад хэргийн яам, Олон улсын хөлбөмбөгийн холбоо түүний хаана байгаа талаар тодорхой хариу өгөөгүй байна. БНАСАУ-ын шигшээ багийн дасгалжуулагч асан Жерн Андерсен “Хан Кванг Сон хөл бөмбөгөө орхисонд харамсаж байна” гээд “Түүнд гайхалтай авьяас байсан” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.