Халаасны хөгжим мэндлээд яг 44 жил болж байна
Анд нөхдийн мэдээ
2023-07-03
1979 оны долоодугаар сарын 1-нд Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Sony” компани "Walkman" нэртэй хуурцаг тоглуулагч халаасны хөгжмийг худалдаанд гаргажээ. Гудамжаар алхаж явахдаа хүссэн дуугаа сонсох боломжтой “Walkman” гарсан нь тухай үедээ үсрэнгүй шинэчлэл байсан юм. "Walkman" үйлдвэрлэлээс гарсан эхний хоёр сард зөвхөн Японд 50 мянган ширхэг зарагдсан байна. 33 мянган иений үнэтэйгээр анх борлуулж эхлэхдээ 10 мянга орчим ширхэгийг борлуулах зорилт тавиад байсан ч ийнхүү тав дахин давж биелсэн түүхтэй. Тухайн үед Японы хэвлэлүүд “Walkman” залуу үеийнхний шинэ амьдралын хэв маягийг бэлгэддэг" гэж бичиж байв. Улмаар 1980 онд АНУ зэрэг хилийн чанад дахь зах зээлд нэвтэрсэн бөгөөд 10 жилийн дотор 50 сая ширхэгийг борлуулжээ. “Walkman” нь 1986 онд Оксфордын англи хэлний толь бичигт орсон бөгөөд энэ үеэс зөөврийн хуурцагт хөгжмийг нэрлэдэг нэр болсон байна. 2010 оны 10 дугаар сард MP3 гарч ирснээр үйлдвэрлэлээ зогсоох хүртэл ”Walkman” дэлхий даяар 220 сая ширхэг зарагджээ. “Walkman”-ийг бүтээсэн Ясүо Күроки нь тухайн үед “Sony” компанийн техникийн багийн ахлагч байсан бөгөөд нэгэн залуу ажилтан “Sony”-гийн компакт бичигчийг зөөврийн тоглуулах төхөөрөмж болгон ашиглаж байснаас санаа авсан тухайгаа дурсамждаа дурдсан байна. “Walkman”-ий амжилтын ачаар дэлхийн электрон барааны зах зээлд ноёрхох болсон “Sony” компанийн 1994 онд худалдаанд гарсан “PlayStation” нь 2000-аад онд дэлхийн тоглоомын зах зээлийн тэргүүлэгч болж, улмаар 2019 онд дэлхийн хамгийн их борлуулалттай гэрийн хэрэглээний тоглоомоор Гиннесийн амжилтын номонд бичигдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.