“Хан Хэнтий уулын аймгийн түүх, соёл, хөгжил: Эрт, эдүгээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна
Анд нөхдийн мэдээ
2023-06-30
Хэнтий аймаг үүсч байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд өнөөдөр "Чингис хаан" музейд “Хан Хэнтий уулын аймгийн түүх, соёл, хөгжил: Эрт, эдүгээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна. Хурлыг нээж Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар үг хэлж эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаа, онцлогийг дурдан хуралдаанд оролцогсдод амжилт хүсэв. Энэ удаагийн хурлыг тус аймгийн Засаг даргын тамгын газар, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл санаачлан Соёлын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэн, “Чингис хаан” үндэсний музей болон ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаа ажээ. Хуралд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, ХААИС зэрэг эрдэм шинжилгээний 20 орчим байгууллагын 40 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, Хан Хэнтий уулын аймгийн түүх, соёл, тус аймгийг бүрдүүлэгч хошуудын түүхэн газар нутаг, шашин, сүм хийд, зан заншил, ноёдын угсаа гарвал зэрэг соёл, түүхийн олон салбарын судалгааг илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Салбар хуралдаануудыг ШУА-ийн эрдэмтэн доктор Б.Цогтбаатар, академич Ц.Батбаяр, доктор Б.Нацагдорж зэрэг эрдэмтэд даргалан явуулж байна. Хурал өнөөдөр 17.00 цагт өндөрлөнө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.