images

66 настай марафонч 10 мянган километр зам туулан Ватиканд очив

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-30


     Өмнөд Солонгосын иргэн, энх тайвны марафонч гэгддэг 66 настай Кан Мён Гү 10 мянган километр газрыг явганаар туулан өчигдөр Ватиканд хүрэлцэн очиж Пап лам Францисктай уулзжээ. Солонгосын Үндэсний боловсролын их сургуулийн профессор асан Каны менежер Сун Ин Ёпын хэлснээр тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сарын 21-нд Жэжү арлаас гарч Вьетнам, Энэтхэг, Турк, Грек, Словени зэрэг 16 орноор дайран гүйж 313 дахь өдрөө Ватиканд очиж Пап ламтай уулзсан нь энэ ажээ. Тухайн өдөр Гэгээн Петрийн талбайд болсон Лхагва гарагийн цуглаан дээр Ватиканд суугаа БНСУ-ын Элчин сайд болон кардинал Юү Хун Шик нарын санаачлагаар Каныг хамгийн урд эгнээнд суулгасан бөгөөд ёслолын дараа тэрбээр Пап ламтай уулзаж хэсэг хором ярилцсан байна. Ярилаух үеэр тэрбээр Пап ламд хандан 12 дугаар сарын 25-ны Зул сарын баяраар хилийн бүсийн Панмүнжомд хүрэлцэн очиж Солонгосын хойгт энх тайвны төлөөх цуглаан зохион байгуулахыг хүссэн өргөх бичиг гардуулан өгчээ. Пап ламтай хийсэн уулзалт нь "хэзээ ч мартагдахгүй мөч" байсныг Кан хэлээд "Хэрэв Пап лам нэг үндэстэн хоёр хуваагдаад буй Панмүнжомд хүрэлцэн ирж, энх тайвны төлөөх цуглааныг зохион байгуулвал энэ нь дэлхийн энх тайвны төлөөх томоохон үйл явдал болно" хэмээн онцолсон байна. Вон буддизмын сүсэгтэн Кан мөн Пап ламд шашныхаа бэлгэ тэмдэг болсон дурсгалын зүйл гардуулж, солонгос үндэстэн нэгдэхийг бэлгэдэн бичсэн шүлгээ бэлэглэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.