Солонгосчууд нэг насаар залуужив
Анд нөхдийн мэдээ
2023-06-29
Өмнөд Солонгосын парламент өнгөрсөн оны 12 дугаар сард хүний насыг тооцдог уламжлалт тогтолцоогоо халах хуулийн төслийг баталсан билээ. Энэ хуулийг өчигдрөөс эхлэн тус улсад мөрдөж эхэлснээр албан ёсны бичиг баримтууд дээр иргэдийн насыг зөвхөн олон улсын системийг баримтлан бичих болов. Ингэснээр солонгосчууд нэгээс хоёр насаар "залуужиж" байна. Тус улсад хүний насыг гурван янзын байдлаар тоолдог ажээ. Тухайлбал, эхээс төрсөн нярайг нэг нас хүрсэн гэж үздэг тул шинэ он гарахад шууд хоёр настай гэж тоолно. Дараагийнх нь тухайн хүний насыг төрсөн он, сар, өдрөөр нь тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн систем юм. Харин сүүлийнх нь хүний насыг зөвхөн шинэ оны эхний өдрөөс тоолж нэмдэг байжээ. Жишээ дурдахад, 2002 оны арванхоёрдугаар сарын 31-нд мэндэлсэн хүн өнөөдөр олон улсын стандартаар 19 настай, солонгос уламжлалаар 21 настай, гурав дахь аргаар тоолбол 20 настайд тооцогддог байна. Иймд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар насыг тоолох нь засаг захиргаа, хууль эрх зүйн салбарт үүсдэг төөрөгдлийг багасгаж, нийгэм эдийн засгийн шаардлагагүй зардлыг бууруулах ач холбогдолтой гэж хууль санаачлагчид тайлбарлажээ. 2022 оны есдүгээр сард Засгийн газраас явуулсан судалгаагаар зарим иргэд албан бус орчинд уламжлалт аргыг үргэлжлүүлэн хэрэглэх төлөвтэй байгаа бол 86 хувь нь шинэ хууль хэрэгжиж эхлэхэд олон улсын тогтолцоог амьдралдаа нэвтрүүлэх болно гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.