Казахстаны ерөнхийлөгч К.Токаев Зүчи хааны тухай жүжиг үзэв
Анд нөхдийн мэдээ
2023-06-27
Казахстаны нийслэл Астана хот дахь К.Куанышбаевын нэрэмжит Хөгжимт драмын улсын академик театрт өнгөрсөн долоо хоногт болсон “Зүчи хаан” драмын жүжгийн нээлтэнд тус улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев оролцжээ. “Чингис хааны улс”, “Казахын улс” хэмээх хоёр үзэгдэлт уг жүжигт Чингис хаан болон түүний ууган хүү Зүчийн хоорондын харилцааг нээн үзүүлэх, тал нутгийн овог аймгийг нэгтгэж өнөөгийн Казахын төрт улсын үндэс суурийг тавьсан Зүчи хааны амьдрал, үйл хэргийг дүрслэн харуулахыг зорьсон хэмээн тус улсын хэвлэлүүд бичсэн байна. Жүжгийн зохиолыг Думан Рамазан бичиж, Казахстаны Соёлын гавьяат зүтгэлтэн Болат Узаков найруулжээ. Тоглолтын дараа К.Токаев уг жүжгийн зохиолч, найруулагч, жүжигчид болон бусад уран бүтээлчидтэй уулзахдаа “Сэдвийн хувьд цаг үеэ олсон бүтээлийг чадварлаг найруулан тавьсанд баяр хүргэе. Манай ард түмэнд ийм бүтээл маш чухал хэрэгтэй байна. Жүжгийн зохиол, илэрхийллийн хэл нь үнэхээр гайхамшигтай юм. Ард түмнийхээ түүх, соёлын үнэт зүйлийг бид энэ жүжгийн жишээгээр бахархан алдаршуулж байх хэрэгтэй. Казахын ард түмнийг түүхгүй, төрт улсгүй явж ирсэн гэж хэлдэг хүмүүс бий. Түүхийг ингэж гуйвуулж болохгүй” хэмээн тэмдэглэсэн байна. Мөн жүжиг үзсэнийхээ дараа тэрбээр уг театрт Үндэсний хэмээх статус олгох болсноо олон нийтэд анх удаа зарлажээ.
Гэрэл зургуудийг Казахстаны Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны вэб хуудаснаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.