images

78 настай оюутан: Сурахгүй байх нь үхэхээс илүү аймшигтай

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-27


     Энэ бол Вьетнамын Ханой хотын хуулийн сургуулийг төгссөн 78 настай эрийн үг юм. Нас ахисан ч хичээлдээ шамдан суралцаж, сайн дүнтэйгээр сургуулиа амжилттай дүүргэсэн энэ хүн олны анхаарлыг татаж байна. “VN Express” агентлагийн мэдээлснээр, 1945 онд төрсөн Нго Тон Дук саяхан Ханой хотын хуулийн сургуулийг онц дүнтэй төгссөн бөгөөд тэрбээр тус сургуулийн хамгийн ахмад төгсөгч болжээ. Үеийн нөхөд өтөл насны тухай ярьж байхад тэрбээр суралцах хүсэлдээ автан их сургуулийн хаалга татсан байна. Хуулийн сургуулийг сонгосон шалтгаанаа “Шаардлагатай хүмүүст хуулийн адармаатай, нарийн ширийн заалтыг ойлгоход нь туслах зорилготой” хэмээн тайлбарлажээ. Их сургуулийн жилүүд нь түүнд тийм ч амар байсангүй. Залуустай ойлголцож, мөр зэрэгцэн алхахад нэлээд бэрхшээлтэй тулдаг байсан тухайгаа хэлжээ. Оюутнууд түүнийг лектор, профессор гэж андуурч, эсвэл ач хүүгийнхээ сургуулийн төлбөрийг төлөхөөр ирсэн өвөө гэж эндүүрэх нь олон байв. Ялангуяа цар тахал дэгдсэнээс болж онлайн хичээл гэх мэтээр дижитал төхөөрөмж ашиглахад хүндрэлтэй байсан аж. Гэвч тэрбээр бууж өгсөнгүй. Өдөр бүр 1, 2 цаг ангидаа ганцаараа хичээлээ хийдэг байж. Онлайн хичээлийн даалгавар хийхдээ хэдэн арван эсээг гараар бичиж, үр хүүхэд, ач зээ нараараа компьютерт шивүүлнэ. Ийн хичээсний эцэст тэрбээр хуулийн сургуулиа онц дүнтэй төгссөн бөгөөд сурлагын үнэлгээ нь 10 онооноос 8.1 оноо, дадлагын хичээлд 9.7 оноо авсан байна. Тус сургуулийн ректор түүнийг магтаж “Би ийм хүсэл тэмүүлэлтэй суралцдаг оюутныг хэзээ ч харж байгаагүй” гэжээ. Сургуулиа төгссөний дараа нь түүнд хэд хэдэн хуулийн фирмээс ажлын санал ирсэн боловч ч тэрбээр өөрийнхөө сурч мэдсэнийг хангалтгүй гэж үзэн татгалзсан байна. "Цаашид дахиад хоёр жил мэргэжлээрээ суралцахаар төлөвлөж байна" гэж Дук хэлжээ. Тэрбээр хүмүүст хандан "Сурахгүй байх нь үхэхээс илүү аймшигтай" хэмээн хэлжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.