АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Сүхбаатарын талбайд сагсан бөмбөг тоглов
Анд нөхдийн мэдээ
2023-06-26
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе В.Фернандес Монгол улсад айлчилж байна. Түүний айлчлалын зорилго нь эрчим хүчний аюулгүй байдал, чухал ашигт малтмал, зам тээвэр, хүнсний аюулгүй байдал, оюуны өмчийн эрх, дижитал эдийн засаг зэрэг чиглэлээр Монгол улсын эдийн засгийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжих төслүүдэд хамтран ажиллах боломжийг судлах юм. Тэрбээр ирсэн өдрөө албан ёсны арга хэмжээнээс гадна нэгэн сонирхолтой үйл явдалд оролцсон нь өчигдөр Сүхбаатарын талбайд Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийнхантай тогложээ. Хосе В.Фернандес энэ талаар “Twitter” хуудсандаа бичихдээ “Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийнхантай маш сайхан тоглолоо. Үнэхээр дэлхийн түвшний чадварлаг тамирчид юм байна. Спорт бол өрсөлдөөний талбар боловч бие биенээ хүндэтгэхэд суралцах хамгийн сайн арга хэрэгсэл мөн” гэсэн байна. Монголын баг, АНУ-ын Элчин сайдын яамны хооронд болсон нөхөрсөг тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн холбоо зохион байгуулжээ. Ням гарагт Хосе В.Фернандес мөн Чойжин ламын сүм мүзейг үзэж сонирхсон байна.
Хосе В.Фернандесийн айлчлал 29-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд тэрбээр Монгол улс болон БНСУ-ын Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзаж, түүхэн дэх анхны гурван талт яриа хэлэлцээг эхлүүлнэ. Энэ хэлэлцээ нь чухал ашигт малтмалын асуудлаарх гурван улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улмаар уул уурхайн үйл ажиллагаанд байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) өндөр стандартыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах арга замыг тодорхойлох зорилготой юм. Өнгөрсөн оны есдүгээр сард Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хосе В.Фернандесийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч уулзахдаа энэхүү гурван талт яриа хэлэлцээг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах талаар ярилцаж тохиролцсон юм. АНУ-ын Төрийн департаментын гаргасан мэдээнд дурдсанаар бол Хосе В.Фернандес өнөөдөр Улаанбаатарт эхэлсэн Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтад оролцож үг хэлэхээс гадна Оюу толгойн уурхайн үйл ажиллагаатай очиж танилцах ажээ.
Эдүгээ 67 настай Хосе В.Фернандес Кубад төрсөн бөгөөд Дартмутын их сургууль, Колумбын их сургуулийг түүхч, хуульч мэргэжлээр дүүргэжээ. Тэрбээр хуулийн салбарт амжилттай ажиллаж байгаад Барак Обамагийн засаг захиргааны үед дипломат албанд шилжсэн юм.
Гэрэл зургийг Монгол улсад суугаа АНУ-ын Элчин сайд Ричард Буанганы "Twitter" хуудаснаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.