15 жилийн дараа: Газар хөдлөлтөөс амьд гарсан хүү их сургуулийн элсэлтийн шалгалтад дээд оноо авчээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-26
2008 онд Хятадын Сычуаньд болсон газар хөдлөлтөөс аврагдсан даруйдаа цэргүүдтэй гараараа ёслон мэндчилж байсан гурван настай хүү энэ жил 18 нас хүрч, тус улсын их сургуулийн элсэлтийн шалгалтад дээд оноо авсан байна. Түүнд Бээжингийн их сургууль зэрэг нэр хүндтэй их сургуулиуд урилга илгээж, элсүүлж авахаар өрсөлдөж байгаа энэ цаг үед тус улсын хэвлэлүүд “Нурангинаас амьд гарсан балчир хүүхэд өдгөө 185 см өндөртэй сайхан эр болж өсөөд, бас нэгэн гайхамшгийг бүтээв” хэмээн мэдээлжээ. Өчигдөр Хятадын CCTV телевизийн мэдээлснээр элсэлтийн шалгалтын дүн гарахад өдгөө 18 нас хүрсэн Лан Жэн хүү 637 оноо авч Сычуань мужийн 800 мянган оюутнаас шилдэг 30 оюутны тоонд багтсан байна. Тус улсын хамгийн нэр хүндтэй их сургууль болох Бээжингийн их сургууль, Жэньминь их сургууль түүнд элсэн суралцах урилга өгчээ. Тэрбээр “Би Бээжингийн их сургуульд элсэх хүсэлтээ гаргаж, олон улсын улс төр, түүх, уран зохиол зэрэг мэргэжлүүдээс нэгийг сонгох бодолтой байна” гэжээ. Мөн тэрбээр “Би багаасаа өөрийгөө хатуу чанга захирч, хичээнгүйлэн суралцсан бөгөөд ирээдүйд төрийн албан хаагч болж, надад анхаарал хандуулж тус хүргэсэн хүмүүсийн ачийг хариулах хүсэлтэй” гэж хэлсэн байна. Түүний анги даасан багш "Лан эелдэг зөөлөн зантай, олны дунд нэр хүндтэй, бас сагсан бөмбөг сайн тоглодог" гэж хэлсэн бичлэг Weibo сүлжээнд хэдэн арван сая хандалт авчээ.
Ланг Жэнг хятадууд "Ёсолдог хүүхэд" гэж нэрлэдэг. Учир нь 87 мянган хүн нас барж, сураггүй алга болсон 8.0 баллын тэрхүү газар хөдлөлтөөр нурсан цэцэрлэгийн дороос 20 цагийн дараа олдсон нялх хүүг аврах ангийн цэргүүд модон хавтан дээр хэвтүүлэн авч явахад баруун гараараа ёслон мэндчилж байсан дүрс телевиз, сонин хэвлэлээр гарсан билээ. Тухайн үед хүүгийн зүүн гар гэмтсэн байлаа. Тэр цагаас хойш Лан Жэн хүү итгэл найдварын бэлгэ тэмдэг болж олны анхаарлын төвд орсон байна. Түүний аав, ээж ч гамшгаас амьд гарсан ажээ. Газар хөдлөлтийн дараахан буюу 2008 оны наймдугаар сард Бээжингийн Олимпын бамбарыг асаах хүний тоонд хүртэл түүний нэр орж, 2009 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн ерөнхий сайд Вэнь Жябао түүнд хүндэтгэлийн захидал илгээж байжээ. Мөн тэрбээр 2018 онд дунд сургуулийн сурагч байхдаа CCTV телевизийн бэлтгэсэн Сычуанийн газар хөдлөлтийн 10 жилийн ойн тусгай нэвтрүүлэг, 2021 онд ахлах сургуулийн сурагч байхдаа "Зуун жилийн дуу хоолой" нэвтрүүлэгт оролцжээ. 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Бээжин хотын Тяньаньмэний талбайд болсон БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд үндэстний цөөнх болох цянь үндэстнийг болон Сычуаний газар хөдлөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг төлөөлөн тайзнаа гарч байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.