Парисын олимпын бамбар 400 гаруй хот, тосгоноор аялна
Анд нөхдийн мэдээ
2023-06-26
2024 оны Парисын Олимпын бамбар ирэх оны тавдугаар сарын 8-нд Марсель хотоос гараагаа эхэлж Парис хүртэл буухиалан аялах бөгөөд долдугаар сарын 26-ны өдөр болох нээлтийн ёслол хүртэл 400 гаруй хот тосгоныг дайран өнгөрнө. Олимпыг зохион байгуулагчид бамбарыг ирэх оны дөрөвдүгээр сарын 16-нд эртний Олимпын өлгий нутаг болох Грекийн Хера сүмд асаан, дөрөвдүгээр сард завиар Афин хотоос хөдөлснөөр холын аянаа эхлүүлнэ гэж мэдэгджээ. Улмаар тавдугаар сарын 8-ны өдөр Францын хоёр дахь том хот болох Марсельд ирснийхээ дараа олон жилийн түүхтэй Каркассон, Мон Сен-Мишель, дарс үйлдвэрлэлээрээ алдартай Сент-Эмильон, Шаблис зэрэг хотуудыг дайран өнгөрөх ажээ. Парисын зохион байгуулах хороо Эйфелийн цамхаг дээр Олимпын бамбарыг суурилуулах талаар хэлэлцэж байгаа гэж мэдээлсэн ч одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. Бамбарыг буухиалан авч явахад 10 мянга орчим хүн оролцоно. Олимпоос хамтдаа алтан медаль хүртсэн Францын усан сэлэлтийн тамирчин ах дүү Лор, Флорэн Маноду нар болон Паралимпийн тамирчин Димитри Павадэ, Мона Франсис нар бамбарыг гараанаас авч гарах ажээ. Парисын олимп 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд, Паралимпийн наадам наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.