images

Живж буй хүнийг аварсан залуу шагналын мөнгөө сургуульдаа хандивлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-26


     Хятадын Жэжян мужийн Ханжөү хотод хоол хүргэлтийн ажил хийдэг Фэн Чинлин гэдэг залуу цахилгаан дугуйтай хоол хүргэж явахдаа нэгэн эмэгтэй голын усанд унан живж байхыг олж харжээ. Тэрбээр даруй эмэгтэйг аврахаар 12 метр өндөр гүүрнээс гол руу үсэрсэн байна. Улмаар зорьсноо биелүүлж эмэгтэйн амь насыг аварчээ. Гэвч усны гадаргууд хүчтэй цохигдсоноос яс нь хугарч гэмтсэн бөгөөд одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Түүний энэхүү баатарлаг явдал олон нийтийн сүлжээгээр тарж хүмүүсийн талархлыг хүлээсэн төдийгүй орон нутгийн засаг захиргаа түүнийг шагнаж урамшуулахаар болжээ. Ханжоу хотын захиргаанаас Фэн Чинлинд 30 мянган юаний шагнал олгох шийдвэр гаргасан бол түүний төрсөн нутаг болох Хунань мужийн Жанжяжэ хотын захиргаа 100 мянган юаниар шагнахаар болсон байна. Үүгээр зогсохгүй түүний ажилладаг компани ч энэхүү баатарлаг явдлыг нь урамшуулж их сургуульд үнэ төлбөргүй суралцах эрх болон 50 мянган юанийн шагнал амлажээ. Харин Фэн Чинлин шагналын мөнгөний талыг нь авч, үлдсэнийг нь буяны хандивт өргөхөөр болжээ. Тэрбээр энэ тухайгаа "Хүүхдүүдэд бага наснаас нь бусдад туслах сэтгэлгээг эзэмшүүлэхэд нэмэр болоосой гэж төрөлх сургуульдаа мөнгө хандивлахаар шийдсэн. Би зүгээр л эгэл жирийн, сайн хүн байхыг хүсч байна" гэжээ. Түүний энэхүү шийдвэрийг цахим хэрэглэгчид янз бүрээр хүлээн авч байна. Нэгэн уншигч “Шагналын мөнгөнөөс татгалзах хэрэггүй. Нийгмийн ёс суртахууны түвшинг дээшлүүлэхийн тулд сайн үйлсэд шагнал, муу үйлд нь шийтгэл байх ёстой” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.