images

Төвдийн өндөрлөгөөс газрын ховор элементийн асар том орд илрүүлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-22


     Хятад улс саяхан Төвдийн өндөрлөгөөс газрын ховор элементийн асар том орд илрүүлж, хиймэл оюун ухаан ашиглан түүний байршлыг нарийн тодорхойлохоор ажиллаж байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт тус улсын "Earth Science Frontline" сэтгүүлд Хятадын геологичид Түвдийн өмнөд хэсэгт 1000 гаруй км урт газрын ховор элементийн ашигт малтмал илрүүлсэн тухай өгүүлэл хэвлэгджээ. Уг орд маш урт бөгөөд өргөн уудам алслагдсан бүс нутагт байгаагийн дээр Энэтхэгтэй газар нутгийн маргаантай бүс тул ордын байршлыг бүрэн тогтооход хүндрэлтэй байгааг тус улсын Геологийн их сургуулийн профессор Зуо Рон Гуанаар ахлуулсан судалгааны баг онцолжээ. Иймээс хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх нь зөв шийдэл гэж үзсэн байна. Төвдийн тэгш өндөрлөг дэх газрын ховор элементийн ордуудын байршлыг тогтоохын тулд судлаачид хиймэл дагуул болон бусад аргаар цуглуулсан бүх мэдээллийг боловсруулах чадалтай хиймэл оюун ухаан бүтээхээр ажиллаж байгаа аж. Газрын ховор элемент нь ухаалаг утас, машины батерей, хагас дамжуулагч, нефтийн химийн катализатор, лазер, сөнөөгч онгоц, пуужин зэрэг өндөр технологийн салбарт өргөн хэрэглэгддэг маш чухал баялаг юм. Тус улсын Өвөр Монгол, Гуандун, Жянши, Сычуань зэрэг нутагт газрын ховор элементийн ордууд байдаг. Тухайлбал ӨМӨЗО-ны Бугат хотын Баян овоон уурхай нь Хятадын газрын ховор элементийн нөөцийн 84 орчим хувь, дэлхийн газрын ховор элементийн нөөцийн 38 орчим хувийг бүрдүүлдэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.