images

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хөлбөмбөгийн талбайд охидын багийн тоглолт боллоо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-21


     Шинэ Зеландын охид дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хөлбөмбөгийн талбайд хэзээ ч мартагдахааргүй дурсгалтай ганц тоглолт хийжээ. Тодруулбал ирэх сарын 20-нд Австрали, Шинэ Зеландад болох 2023 оны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс нэг сарын өмнө буюу 20-ны өдөр Шинэ Зеландын байгалийн үзэсгэлэнт газруудыг олон нийтэд сурталчлах зорилгоор Өмнөд арал дахь Күүк уулын хормойд байгуулсан түр хөлбөмбөгийн талбайд охидын баг дурсгалын болон сурталчилгааны тоглолт хийжээ. Албан ёсоор Аораки Күүк уул гэж нэрлэгддэг тус уул нь Шинэ Зеландын хамгийн өндөр оргил бөгөөд далайн түвшнээс дээш 3724 м өндөр юм. Тус улсын Аялал жуулчлалын газар орон нутгийн дунд сургууль болон хөлбөмбөгийн клубын охидоос бүрдсэн хоёр багийн тоглолтыг зохион байгуулсан бөгөөд шүүгчээр тус улсын Хөлбөмбөгийн холбооны шүүгчийн хөгжлийн менежер Линдсэй Робинсон ажилласан байна. Л.Робинсон "Би өнөөдөр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газар болох тоглолтыг шүүхээр энд ирлээ" гээд эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын  тэмцээнийг ирж үзэхээс гадна байгалийн үзэсгэлэнг харан баясах сайхан боломж хэмээн олонд хандан уриалсан байна. Тухайн хөлбөмбөгийн талбай нь 105 метр урт, 68 метр өргөн бөгөөд сүүлийн зургаан долоо хоногийн хугацаанд байгаль орчин, тогтвортой байдлын хатуу стандартын дагуу хүнд машин техник ашиглахгүйгээр хүний ​​гараар барьж байгуулсан ажээ. Үзэсгэлэнт байгальд хор хөнөөл учруулахгүйн тулд хиймэл зүйлсийг аль болох багасгаж, цэнгэлдэх хүрээлэнгийн шугамыг тэмдэглэхдээ хүртэл хор хөнөөлгүй усан будаг ашиглаж, тэмцээн дууссаны дараа ямар ч ул мөр үлдээхгүй байхаар тоноглосон ажээ. Тус улсын Аялал жуулчлалын газрын дарга Рене де Монч хэлэхдээ “Энэ удаагийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Шинэ Зеланд бол аялал жуулчлалын бүс нутаг гэдгийг гадаадын үзэгчдэд сурталчлах сайхан боломж бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс 1.5 тэрбум хүн уг тоглолтыг үзэх төлөвтэй байна гэжээ. 2023 оны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Австрали, Шинэ Зеланд улс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ирэх сарын 20-ноос тоглолт эхлэх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.