Хятадын хоригт орсон Тайваний хан боргоцойг Япон руу ихээр экспортлож эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-21
Хятад улс хоёр жилийн өмнө импортлохыг хориглосон Тайваний хан боргоцойг Япон ихээхэн хэмжээгээр импортолж байгаа тухай Японы "Mainichi Shimbun" сонин мэдээлэв. Хятадаас хэт хараат байсны улмаас дампуурах аюулд ороод байсан Тайваний хан боргоцойн фермүүд үүний ачаар сэргэж эхэлсэн байна. Тус сонины мэдээлснээр, Япон улс Тайванаас өнгөрсөн онд хан боргоцой импортолсон нь 2020 оны мөн үетэй харьцуулахад найм дахин их буюу 17448 тонн болжээ. Хятад улс Тайваний хан боргоцойноос хортон шавьж илэрсэн гэж зарлан импортлохыг хориглосон ч өмнө нь хортон шавьжтай хан боргоцойг газар дээр нь устгаж шийддэг байжээ. Хятадын импортын хоригийг “Тайваний хоолой дахь статус квог хэвээр хадгална” гэж зарласан Ардчилсан дэвшилт намын Цай Ин Вэнийн Засгийн газрыг ганхуулах гэсэн оролдлого гэж тайлбарлах нь бий. Тайваний Засгийн газар Японы компаниудтай богино хугацаанд амжилттай хамтран ажиллаж, Тайваний тариалан эрхлэгчдэд температурын менежментийг сургаж хан боргоцой хадгалах, хүйтэн агуулах хүртэл байгуулжээ. Тайваний хан боргоцойн тариалан эрхлэх холбооны албаны хүн "Бид Японы хэрэглэгчдэд талархаж байна" гэсэн бол Японы худалдааны салбарын нэгэн албаны хүн “Хятадын импортын хоригт орсон Тайваний талд туслах зорилго байснаас гадна тус улсын хан боргоцойн сорт хангалттай амт чанартай, хэрэглэгчдийн шаардлагыг бүрэн дүүрэн хангаж байгаа нь чухал юм” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.