Тоска Маск: Баян ахаасаа болж санаанд оромгүй бэрхшээлтэй тулгардаг
Анд нөхдийн мэдээ
2023-06-20
Британийн “Daily Mail” сонин Илон Маскын эмэгтэй дүү кино продюсер, контент менежерээр ажилладаг Тоска Масктай хийсэн ярилцлагыг нийтэлжээ. Тоска бол ах дүү гурвын хамгийн бага нь аж. Тэрбээр дэлхийн хамгийн баян хүн гэгддэг ахаасаа болж санаанд оромгүй бэрхшээлтэй тулгарах үе байдаг тухайгаа хуваалцсан байна. Тухайлбал саяхан кино зураг авах газар хайж яваад нэг газартай өдрийн таван мянган долларын түрээс төлж зураг авалт хийхээр тохирсон байна. Гэтэл нөгөө тал нь түүний нэрийг сонсонгуут тохирсноосоо буцаж түрээсийн үнээ өдрийн 25 мянган доллар болгож өсгөжээ. Энэ тухайд тэрбээр “Ийм шударга бус зүйл олон тохиолддог” гэсэн байна. Зургаан жилийн өмнөөс тэрбээр зөвхөн хайр дурлалын төрлийн контент бэлтгэдэг “Passionflix” платформыг байгуулж ажиллуулж эхэлсэн бөгөөд “Санхүүгийнхээ асуудлыг том ахаараа шийдүүлдэг гэж хүмүүс боддог ч амьдрал дээр бол тийм биш” гэжээ. Ахаасаа бизнесийн зөвлөгөө эсвэл санхүүгийн дэмжлэг авдаг эсэхийг нь асуухад "Энэ асуултын хариулт бол миний хувьд хоёр талдаа иртэй илд" гээд “Хэрвээ намайг “Үгүй” гэвэл хүмүүс ах маань намайг огт дэмждэггүй юм байна, “Тийм” гэж хэлбэл мөнгө санхүүгийн бүх асуудлыг маань шийдэж өгдөг гэж бодох болно” хэмээн хариулсан байна. Улмаар "Хүмүүс биднийг чинээлэг гэр бүлд төрсөн гэх мэтээр маш их буруугаар ойлгодог" гээд үнэндээ бол ээж нь Өмнөд Африкт гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэр бүлээ цуцлуулж гурван хүүхдээ ганцаараа өсгөсөн тухай өгүүлээд, “Ээж маань биднийг өсгөхийн тулд тасралтгүй ажилладаг, заримдаа таван ажил зэрэг хийдэг байсан” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.