images

Орон гэргүй эр түймрийн аюулаас 25 нохой аварчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-20


    Перу улсад шатаж буй барилгын дээвэр дээр хашигдсан 25 нохойг аварсан орон гэргүй нэгэн эр ардын баатар болжээ. Тус улсын нийслэл Лима хотын Гамарра дүүрэгт байрлах дахин боловсруулах үйлдвэрт гал гарсан байна. Улмаар ойролцоох орон сууцны барилгуудад тархаж, мөн амьтан хамгаалах байранд гал авалцаж эхэлжээ. Энэ үед ойролцоох гүүрний доор амьдардаг орон гэргүй эр Себастьян Ариас хажуугаар нь өнгөрч явахдаа шатаж буй барилгын дээвэр дээр ноход байхыг олж хараад аврахаар очсон байна. Тэрбээр барилга өөд авирч, тагтны хашлага, цонхны тавцан дамжин дээш гарчээ. Оршин суугчид түүний үйлдлийг харж талархаж дэмжиж, уухайлан урам зориг өгч бичлэг хийж байв. Улмаар тэрбээр дээвэр дээр гарч эхний нохойг шүүрч аваад доор хамгаалалт гарган хүлээж байсан аврах багийнхан руу шидэж өгчээ. Нохдыг аюулгүй буулгаж дуусаад өөрөө тагтны хашлага дамжин доош бууж ирсэн байна. С.Ариас хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний аварсан сүүлчийн нохойн бие бага зэрэг түлэгдэлттэй байсан бөгөөд ихэд цочирдсон бололтой, миний гарыг хүртэл хазсан” гэжээ. Улмаар ийм үйлдэл хийх болсон тухайд “Маш эрсдэлтэй сонголт хийх гэж оролдож байсан эхнэр маань тэр үед санаанд орсон. Тэгээд тэрхүү аюулд өртсөн нохдыг зүгээр орхиж боломгүй санагдсан” гэжээ. Тэрбээр Колумбын Медельин дэх гэрээсээ гараад хэдэн сарын турш гэрийнхэнтэйгээ уулзаагүй яваа тухайгаа учирлан гудамжны амьдралаас холдож ажил төрөл олж хийх хүсэлтэй байгаагаа хэлжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.