БНХАУ-д хийж буй Тони Блинкэний айлчлал үр дүнтэй байна
Анд нөхдийн мэдээ
2023-06-20
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тони Блинкэн Хятадад хийж буй айлчлалын үеэр талууд хоёр талын харилцааг тогтворжуулах шаардлагатай гэдэгт санал нэгдэж, энэ зорилгоор өндөр дээд хэмжээний яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохирсон байна. Сүүлийн таван жилд анх удаа Америкийн дипломат албаны тэргүүний хувиар Хятадын нутаг дэвсгэрт хөл тавьсан Т.Блинкэн 18-ны өдөр Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Чинь Ган, 19-ний өдөр Коммунист намын Төв товчооны гишүүн Ван И болон Ши Жиньпин даргатай уулзаж ярилцжээ. Тэрбээр өчигдөр Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яаманд хийсэн хэвлэлийн бага хурлаар Хятадад хийсэн айлчлалынхаа үр дүнг тайлбарлах үеэр хэлэхдээ, хэдийгээр талуудын хооронд санал зөрөлдөөнтэй зүйл байгаа ч хоёр улсын харилцааг тогтворжуулах тал дээр Хятадын удирдлагатай санал нэг байгаагаа илэрхийлсэн байна. Улмаар “Миний бие уулзалт болгондоо шууд бөгөөд тогтвортой оролцоо нь санал зөрөлдөөнийг хариуцлагатайгаар зохицуулах, өрсөлдөөнийг зөрчилдөөн болгохгүй байх хамгийн сайн арга гэдгийг онцолж байсан” гэжээ. Ийн хүчин чармайлтын дүнд Гадаад хэргийн сайд Чинь Ган тохиромжтой цагт АНУ-д айлчилж өндөр түвшний зөвлөлдөх уулзалтыг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин мөн өдөр Бээжингийн Ардын их хурлын ордонд Т.Блинкэнтэй уулзаж, “Хятад Америкийн харилцаа эрүүл саруул, тогтвортой байх болно гэдэгт Хятад улс үргэлж итгэж, хоёр том гүрэн бүх бэрхшээлийг даван туулж, бие биенээ хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж, харилцан ашигтай үр дүнд хүрэх зөв замыг олж чадна гэдэгт итгэж байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.