Английн хөлбөмбөгийн дасгалжуулагч Чингис хааны түүхээс урам зориг авдгаа хэлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-06-19
Хөлбөмбөгийн мэдээ, мэдээллээр төрөлжсөн Английн “FourFourTwo” хэмээх алдартай сэтгүүлийн сурвалжлагч Английн хөлбөмбөгийн дэд лигийн “Bristol Rovers” багийн дасгалжуулагч Жои Бартонтой уулзахаар клубынх нь байранд очиход Чингис хааны тухай ном уншиж суусанд ихэд гайхжээ. Гэтэл Америкийн түүхч Жэк Вэдерфордын зохиосон энэ номыг Ж.Бартон хоёр дахь удаагаа уншиж буй нь энэ ажээ. Улмаар энэ ном чухам юугаараа түүний сонирхлыг татсан болохыг асуусанд дасгалжуулагч ийн ярьсан байна: “Чингис хаан бол манийг бодвол муу нэртэй хүн. Гэхдээ түүний үйл хэрэгт хосгүй шинэлэг зүйл маш олон байдгийг хэлэх хэрэгтэй. Энэ номыг уншаад би дэлхийн түүхэнд үнэнхүү хорхойссон. Үнэхээр ер бусын ном. Чингис хаан тал нутгийн овог аймгуудыг анх удаа нэгтгэсэн төдийгүй цэрэг дайны олон эрдэм, тухайлбал бүслэн байлдах урлагийг тултал хөгжүүлсэн хүн юм. Цаашилбал, морь дээд хурдаараа хэр хол давхиж чаддаг болохыг монголчууд яг таг тогтоожээ. 28 миль давхидаг байлаа гэж бодоход буухиа өртөөнүүдийг 26 миль тутамд байгуулсан байна. Ингээд мэдээ дамжуулах хүн өртөөний морь унаж давхиад яг эцдэг дээр нь ирмэгц дараагийн морьтой хүн мэдээг авч цааш давхина. Энэ маягаар явсаар уудам их эзэнт гүрний нэг захаас нөгөө захад асар хурдан хүрдэг байв. Монголчууд Австрийн Венад хүрсэн улс шүү, Чингис өөрөө биш юм аа гэхэд, үр хүүхдүүд нь. Дэлхийн хүн амын 70 хувьд нь монголчуудын ген бий гэж энэ номд бичсэн байна”.
Түүний хэлж буй ном бол Америкийн түүхч Ж.Вэдерфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” ном бөгөөд 2004 онд хэвлэгдсэн даруйдаа энэ ном “New York Times”-ын хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг хоёр долоо хоног тэргүүлсэн билээ. Ж.Бартон мөн гурваас дөрвөн номыг нэгэн зэрэг уншдаг, уншаад хамгийн гүнзгий сэтгэгдэл төрсөн ном нь Америкийн америк хөлбөмбөгийн дасгалжуулагч Боб Уолшийн амжилтынхаа түүхийг өгүүлсэн ном, хамгийн их үлгэр жишээ авдаг хүн нь Английн хөлбөмбөгийн “Newcastle United” багийн дасгалжуулагч Эдди Хоуи гэхчлэн ярьсныг “FourFourTwo” сэтгүүлийн сурвалжлагч мөн бичжээ.
Ж.Бартон нь өдгөө 40 настай, 2002-2017 онд “Премьер лиг“-ийн хэд хэдэн баг, тэр дундаа “Manchester City” багт 130 удаа тоглосон бөгөөд 2018 онд дасгалжуулагчийн ажилд шилжсэн байна.
Редакциас: Монголчуудын оюун, танин мэдэхүйд чиглэсэн энэ мэт эерэг, гэгээлэг мэдээ, мэдээллийг бид тасралтгүй түгээхийг чармайдаг. Тэр бүгдийг хоцрохгүй үзье гэвэл доор буй Follow товчийг дарж, бидэнтэй хөл нийлүүлнэ үү хэмээн уншигч таныг урья аа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.