Месси ганц гэрэл зургаа нийтлээд 25 сая доллар олохоор болов
Анд нөхдийн мэдээ
2023-06-19
Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси Саудын Арабын аялал жуулчлалын газартай гэрээ байгуулсан тухай “New York Times” сонин мэдээлэв. Өдгөө Францын мэргэжлийн хөлбөмбөгийн “Paris Saint Germain” багийн гишүүн тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сарын 9-нд Улаан тэнгист дарвуулт завин дээрээс нар жаргахыг харж буй зургаа "Улаан тэнгисээр аялаарай" гэсэн тайлбартайгаар Instagram хуудсандаа нийтлээд Саудын Арабын Аялал жуулчлалын газрын "#visitSaudi" гэсэн hashtag оруулжээ. Тэгвэл мөн тэр өдөр Саудын Арабын Аялал жуулчлалын сайд Ахмед Аль-Хатиб Twitter хуудсандаа “Бид Мессигийн айлчлалыг угтан авч байгаадаа баяртай байна” гэж бичсэн юм. Үүнтэй холбогдуулан тус сонин "Месси шинэ түнштэй болж олон сая долларын өртөгтэй гэрээ байгуулах эхний алхмаа хийлээ. Энэ зургаараа тэрбээр багаар бодоход хоёр сая доллар олно” хэмээн тайлбарлаж байв. Тэгвэл Л.Месси үнэхээр өнгөрсөн сард гэр бүлийн хамт Саудын Арабт дахин зочилж тус улсын Аялал жуулчлалын яамтай гэрээ байгуулжээ. Тус гэрээнд зааснаар тэрбээр жилд нэгээс доошгүй удаа тус улс руу тав хоногийн гэр бүлийн аялал, эсвэл жилд хоёр удаа гурван өдрийн аялал хийх ёстой. Энэхүү аялалдаа гэр бүл, найз нөхөд гээд 20 хүнийг дагуулж ирэх бөгөөд аялал жуулчлалын зардал, таван одтой буудал зэргийг Саудын Арабын засгийн газар хариуцна. Үүнийхээ төлөө тэрбээр хоёр сая доллар авахаар тусгажээ. Мөн аялахаас гадна Саудын Арабыг сурталчилж, олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа жилд 10 удаа сурталчилгааны зүйл нийтлэнэ. Үүнээс мөн хоёр сая доллар авна. Энэ мэтээр гурван жилийн хугацаанд 25 сая доллар авахаар тусгасан гэрээ нь олон нийтэд ил болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.