images

Ким Жон Ун Английн хаанд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-06-19


     Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хаан III Чарльзийн төрсөн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлсэн талаар тус улсын төрийн мэдлийн KCNA агентлаг бямба гарагт мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр  уг мэндчилгээнд “Цог жавхлант хаан таны албан ёсны төрсөн өдөр, танай улсын үндэсний баярын өдрийг тохиолдуулан танд болон танай ард түмэнд баяр хүргэн мэндчилж буйг минь хүлээн авна уу” гэжээ. Ким Жон Ун үүнээс хоёр өдрийн өмнө буюу 15-ны өдөр Хятадын дарга Ши Жиньпинд 70 насны төрсөн өдрийн мэндчилгээ илгээсэн юм.  

     III Чарльз уул нь 11 дүгээр сарын дөрвөнд төрсөн боловч Их Британи даяар зургадугаар сарын 17-нд төрсөн өдөр тэмдэглэжээ. Учир нь Нэгдсэн вант улсад хааныхаа төрсөн өдрийг жилдээ хоёр удаа тэмдэглэдэг уламжлалтай. Энэ уламжлалыг анх 1748 онд эхлүүлсэн II Жорж хаан 10 дугаар сард төрсөн бөгөөд зуны дэлгэр цагт болдог цэргийн сүрт жагсаалыг төрсөн өдөртэйгээ хамтатгах үүднээс ийм ёс тогтоожээ. 70 жил хаан ширээнд суусан II Элизабэтийн (1926-2022) үед ч энэ уламжлал хэвээр үргэлжилж, дөрөвдүгээр сарын 21-нд төрсөн түүний хоёр дахь төрсөн өдрийг зургадугаар сарын хоёр дахь бямба гарагт орон даяараа жил бүр тэмдэглэж ирсэн бол энэ жил хаан ширээнд суусан III Чарльзийн хувьд хоёр төрсөн өдөр анх удаагийнх болж байна. Сонирхолтой нь, түүний хүү ханхүү Уильям хэзээ нэгэн цагт хаан ширээ залгамжилбал зургадугаар сарын 21-нд мэндэлсэн түүний хувьд төрсөн өдрөө хоёронтоо тэмдэглэх шаардлагагүй болох магадлал өндөр юм.           

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.